Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцгийн үнэ нэмэгдсэн ч эрэлттэй байна

Т.Дулам, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 7
Өдрийн шуудан
Зураг зураг
Цэцгийн үнэ нэмэгдсэн ч эрэлттэй байна

Маргааш Мартын 8. Ээждээ, хайртай бүсгүйдээ, ханьдаа, хамт ажилладаг эмэгтэйчүүддээ бэлэг хайсан эрчүүдийн заавал ордог газрын нэг цэцгийн дэлгүүрүүд энэ өдрүүдэд тун ч ачаалалтай байгаа.

Тиймээс цэцгийн сонголт, үнэ ханш гээд олон зүйлийг сонирхохоор өчигдөр хэд хэдэн дэлгүүрээр орлоо. Эрэлт нэмэгдэж, ачаалал үүсэх хэрээр ханш өсдөг зах зээлийн эрүүл бус зарчим цэцгийн бизнест ч мэдрэгдэж байна билээ. Энэ жил цэцгийн үнэ өмнөх жилийнхээс харьцангуй өсчээ. Сарнай уламжлал ёсоор эрэлт ихтэй байгаа бөгөөд ширхэг сарнайн үнэ өнгөрсөн мартын үеэс 1000-2000 төгрөгөөр нэмэгдчихэж.

Ширхэг сарнай 3000, гадуур нь гялгар цаасаар боочихоор 3500 төгрөгийн үнэтэй байна. Харин цэгийн дэлгүүрийнхний боогоод бэлтгэчихсэн бэлэн баглаа сарнайныхаа тооноос хамаараад 15-65 мянган төгрөг гэнэ.

Сараана буюу лили нэг ширхэг нь 5000-7000, удвал 3500 төгрөг бол алтанзул цэцгийн нэг булцуу 3000, дэлбээлсэн нь 5000, башир ширхэг нь 1500-3500 төгрөг. Албан байгууллагууд олноор нь авахаар захиалга өгөхөд үнийг нь 500*800 төгрөгөөр хямдруулдаг гэнэ.

“Цэцэг” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах цэцгийн дэлгүүр харьцангуй хөл хөдөлгөөн багатай байв. Цэцгийн сонголт тааруу байгаатай холбоотой бололтой. Тийм ч болоод тэр байх, сарнай бусад дэлгүүрээс харьцангуй хямд байсан. Харин Төрийн ордны хойд талын “Флора” цэцгийн дэлгүүрт нэг ширхэг сарнай 3500, боочихвол 4000, баглаа нь 18 мянгаас дээш үнэтэй юм. Эднийх ачаалал ихтэй байсан.

Үйлчилгээг хөнгөвчлөх үүднээс цахимаар урьдчилсан захиалга авсан гэнэ. Эднийд өнгө өнгийн сарнайнаас гадна алтанзул,сараана, хонин нүдэн, удвал гээд сонголт арвин юм. Иймэрхүү цэцгийг ээждээ бэлэглэвэл зохимжтой гэж тайлбарлаж байлаа. Сүүлийн үед залуус сарнайнаас илүү алтанзул сонгодог болсон тул эрэлт ч ихтэй байх болжээ. Мөн энэ жилийн хувьд гоодаль гэх далбагар олон навчтай, ганц улаан дэлбээтэй өвөрмөц содон цэцгийг сонирхох хүн олон байгаа юм байна.

“Цэцэг” төвд төрөл бүрийн сарнай цэцгээс гадна таримал цэцэг ч мөн байна билээ. Сүүлийн үед хүмүүс нэг удаа бэлэглээд дараа нь байхгүй болчих боолттой цэцэг өгөхөөс илүүтэй таримал цэцэг сонгох нь элбэг болсон аж. Таримал цэцгэн дундаас хамгийн эрэлттэй нь гоодаль.

Эмэгтэй хүний гоо сайхан, нууцлаг, цэвэр ариун байдлыг илэрхийлдэг учраас эрчүүд уг цэцэгт дуртай, сонгох нь элбэг ажээ. Мөн ээждээ, эгчдээ хайтан цэцэг бэлэглэхэд тохиромжтой юм байна. Эднийх цэцэг худалдан авахыг хүссэн хүн бүрт тохирох зөвлөгөөг өгч, сонголт хийхэд нь тусалдаг.

Оросын Элчингийн баруун талын “Сарнайх” болон “Гарден” цэцгийн дэлгүүрт мөн л олон төрлийн цэцэг зарж байна билээ. Сонголт арвинтай учраас хөл хөдөлгөөн ч их байсан. Эндээс бөөнөөр нь авч байгаа хүн ч цэг биш таарав. Тун завгүй ажиллаж байсан худалдагчдаас цэцгийн үнэ яагаад өссөн талаар асууж амжсан юм.

Тэгэхэд долларын ханшаас болсон хэмээж байлаа. Зарим нь цаанаасаа үнэтэй ирж байна ч гэсэн. МУБИС буюу хуучнаар Багшийн дээдийн автобусны буудлын арын эгнэсэн жижиг дэлгүүрүүд оюутан залуус, арван жилийнхний хөлд дарагддаг байсан бол өнгөрсөн жил тэр хавийн дэлгүүрүүдийг татан буулгасан юм. Цэцгийн дэлгүүрүүдийн зэрэгцээ бэлэг дурсгалын лангуунууд сарнайгаар дүүрчээ. Нүхэн гарцны доторх жижиг лангуунуудад ч дүүрэн сарнай.

Харин тэдгээр үнэ хамаагүй хямд юм билээ. Жижиг худалдаа эрхлэгчид баярын улирлыг алдалгүй ийнхүү гялалзтал ажиллаж байгааг сурвалжлагынхаа явцад анзаарлаа.

Цэцгийн бизнес эрсдэл ихтэй ч ашигтай

Шинэ он гарсаар манайд 10.9 мянган ам.долларын 17 мянга 889 ширхэг амьд цэцэг, цэцгийн баглаа импортоор оруулж иржээ. Манай улс өнөөдрийн байдлаар зөвхөн БНХАУ-аас цэцэг, цэцгийн баглаа импортолдог. Харин ОХУ-аас тасалгааны цэцэг авчирдаг байна. БНСУ-аас оруулж ирсэн гэх цэцэгнүүдийн хувьд Солонгосын компани Хятадын компанитай гэрээ байгуулж, нэмүү өртөг шингээн манай улсад оруулж ирдэг аж.

Импортоор цэцэг оруулж ирэхдээ том хайрцагт хийж энгийн бараа шиг авчирдаг гэнэ. Онцын хамгаалалтгүй, галт тэргээр хоёр хоног тээвэрлэж ирдэг аж. Усалж, чийглэсэн цэцгүүд хүйтэнд хөлдөж, хайрагдах эрсдэлтэй тухай худалдаачид ярьж байсан. Дэлгүүрт ирсэн цэцэг усанд долоо хоног шинээрээ байдаг. Харин худалдан авагчийн гар дээр очоод гурваас тав хоног амьдардаг аж. Ер нь анх уг бизнесийг хийхэд мэдэхгүй, чадахгүй зүйл их тохиолддог байсан тухай тэд хэлж байсан. Энэ талаар “Сарнайх” дэлгүүрийн худалдагчаас зарим зүйлийг тодрууллаа.

-Цэцгийн бизнес эрсдэл ихтэй ч нэлээд ашигтай гэж дуулсан. Танай дэлгүүрийн хувьд бизнес тань хэр өгөөжтэй байна вэ?

-Нэг үеэ бодвол манайд цэцгийн соёл өргөн дэлгэрч байгаа. Хэрэглэгчид сонголт хийх талд арвин мэдлэгтэй болсон төдийгүй шинэ, содон гоёмсог цэцгийг эрж хайх болсон. Ер нь цэцгийн олон төрөл байх шаардлагатай болж байна. Гэтэл манайх баглааны цэцгийг ихэвчлэн гаднаас авдаг учир хамгийн тэсвэртэйг нь авч ирдэг. Үүнд сарнай, сараана гэх зэрэг цэцэг орно.

 Манайх баглааны цэцгийг ихэвчлэн гаднаас авдаг учир хамгийн тэсвэртэйг нь авч ирдэг. Үүнд сарнай, сараана гэх зэрэг цэцэг орно.

Харин таримал цэцгийн хүлэмжүүдэд олон төрлийн цэцэг тарьдаг юм билээ. Цэцгийн бизнес хийхэд чин сонирхолтой, мэдлэгтэй, зоригтой байж чадвал бусад бизнесийн адил ашиг өгдөг. Манай дэлгүүрийн хувьд бол өдөр бүр хүний хөл тасардаггүй. Нөгөөтэйгүүр ховор цэцгүүдээр дагнаж чадвал мөн боломжийн ашиг олох ч боломж байна. Гэртээ цэцэг тарих хүмүүсийн тоо өссөөр байгаа болохоор цэцгийн бизнес ч үүнийгээ дагаад өргөжиж байгаа гэж ойлгодог.

-Цэцгийн бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст та юу зөвлөх вэ?

-Цэцгийн бизнес мэдлэг их шаарддаг. Наад зах нь худалдах цэцгээ сонгох, дараа нь цэцгүүдээ арчлах, үрслүүлэх гээд нарийн мэдлэг шаардана. Түүнчлэн худалдан авагчдадаа байнгын зөвлөгөө мэдээлэл, зааварчилгаа өгч байх хэрэгтэй. Мөн ямар цэцгийг хэнд өгөх вэ, ямар утга учиртай гэдгийг нь ч сайн мэдэж байх ёстой. Мөн жирийн өдрүүдэд хэчнээн хэмжээний ямар цэцэг оруулж ирэх вэ гэдгийг сайтар тооцоолохгүй бол үрэгдэх эрсдэлтэй байдаг юм.

-Цэцгийн наймаа мэдрэмж шаарддаг учир эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой гэж ойлгож болох уу?

-Ер нь бол дэлхий дахинаа эмэгтэйчүүдэд тохиромжтой бизнесийн салбарын нэг нь цэцгийнх бөгөөд ашигтай бизнесийн жагсаалтад дээгүүр явдаг. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хүн бүр амьдрах орчноо эрүүлжүүлэх зорилгоор гэртээ, албан тасалгаандаа цэцэг тарих сонирхол нэмэгдсээр байна. Ногоон бизнес, байгальд ээлтэй аж ахуйн нэгж, анги, сургууль зэрэг аян идэвхтэй өрнөж эхэлсэн нь цэцгийн бизнесийн ашгийг нэмэгдүүлсээр байгаа. Нөгөөтэйгүүр цэцгийн бизнес ногоон бизнес гэдэг утгаараа байгаль орчинд таатай нөлөөтэй эрүүл бизнес гэж болно.

Алтанзул цэцэг Голландын зах зээлийг эзлээд унажээ

Голланд улсад 1634-1637 оны хооронд алтанзул цэцэг тус орны зах зээлд маш том байр суурь эзэлжээ. Тухайн үед энэ цэцгийг бүхэл бүтэн эдлэн газрын үнээр худалдаалах боломжтой байсан бол төгсгөл үедээ энгийн нэг булцуутай тэнцэх үнэтэй болсон аж. Энэ цэцэг 1593 онд Туркээс тус улсад очсон түүхтэй юм байна. Уг цэцгийн шинэлэг байдал нь түүнийг эрэлт хэрэгцээтэй болгосон төдийгүй энэ шалтгаанаар өндөр үнэтэй байжээ.

Хэсэг хугацааны дараа, алтанзул мөхлийн бус мозайк нэрээрээ танигдсан вируст өртсөн бөгөөд тэрхүү вирус нь уг цэцгийг тэр чигээр нь устгаагүй боловч дэлбээн дээр нь “дөл” үүсгэн өөрчилсөн байна.

Энэ нь уг онцгой цэцгийн ховор хомс байдлыг илүү тодотгож өгчээ. Ийм байдлаар нэрлэгдсэн үнээсээ өндөр үнээр борлогдож байсан алтанзулын үнэ вирусээс үүсэлтэй өөрчлөлтийн үнэлгээний дагуу өсч эхэлсэн аж. Жинхэнэ булцуу худалдан авагч нар нэмэлт ханган нийлүүлэлтийг дуусган, ховор хомс байдал болон эрэлт хэрэгцээг өсгөн ургацын улиралд зориулж нөөцөө бэлдэж эхэлжээ.

Удалгүй, үнэ маш хурдацтай өндөр өссөн бөгөөд хүмүүс алтан зул цэцгийн булцууг нэмж авахын тулд газар, хадгаламж гээд л зарж үрж болох бүгдийг л үрэн таран хийж байжээ. Маш олон голландчууд өөрт буй энэхүү нөөцийг гадаадуудад зарснаар маш их ашиг олно гэдэгт итгэсээр байжээ.

Ямартай ч, алтанзул цэцгийн үнэ ганцхан сарын дотор 20 дахин өссөн байна. Маш олон зах зээлийн хөөсрөлтийн үед тохиолддогтой адил зарим хэрсүү хүмүүс зарж ашиг олох бодолтой байсан байна. Хүн болгон зарахыг хүссэн ч бүгд чадахгүй байсантай холбогдон үнэ багассаар байлаа.

Хүмүүсийн сандрал, алдагдлыг ч үл хайхран зарах эрмэлзлэлээс болж үнэ хурдацтай унаж эхлэв. Наймаачид гэрээгээ нөхөн төлөхөөс татгалзаж байсан бөгөөд хүмүүс өвс ургамалын төлөө гэр орноо зарсан гэдгээ ухаарч эхлэв.

Сандрал үймээн самуун хаа сайгүй тархаж байв. Засгийн газар оролцож гэрээний 10 хувийг буцаан олгохыг санал болгосноор уг хямралыг зогсоох гэж оролдсон боловч зах зээлийн байдал улам дордож нөхөн төлөх нь боломжгүй болов. Энэ бүх зүйлээс хохирхол амсалгүй үлдсэн хүн үгүй.

Эрт ашиг олж чадсан хүмүүс хүртэл энэ хямралаас болж зовж байв. Алтанзул цэцгийн галзуурал голландчуудыг хэсэг хугацаанд дамлан үйлдэгдэх хөрөнгө оруулалтын талаар маш эргалзээтэй үлдээсэн юм. Одоо хөрөнгө оруулагч нар ирээдүйгээ дэнчин тавихаас илүү зүгээр л хэсэг зуур зогсоод цэцэгсийг үнэрлэх нь зөв болохыг ойлгосон байна.

Зураг