Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Тимошенко: Оросын усан цэргийн ангийг Украйнаас гаргах ёстой

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Украйны Ерөнхий сайд асан, хоёр жил гаруй хоригдож байгаад суллагдсан Юлия Тимощенко Украйны тогтворгүй байдал, аюулгүй байдлын заналхийллийн гол эх үүсвэр нь Оросын Черноморийн усан цэргийн анги хэмээн нэрлэжээ. 

"Би Би Си" – д өгсөн ярилцлагандаа 2009 онд түүний гарын үсэг зурсан Оростой хийсэн хийн хэлэлцээрийг зөвтгөсөн болон эрүүл мэндийнхээ тухай ярилцсан байна. Ингээд түүний ярилцлагыг хүргэж байна.


Би-би-си: Юлия Владимировна,  та Украйны ард түмний ашиг сонирхлын төлөө эцсийн мөч хүртлээ тэмцэхэд бэлэн байна гэж хэлсэн. Авторитаризмыг хууль ёсны арга замаар тогтооход маш хэцүү гэдгийг та өөрөө харж байна. Хэд хэдэн улсын тэргүүн Ерөнхийлөгч Януковичийг зөв аргаар огцруулсанд эргэлзэж байгаагаа илэрхийлж байна. Хэрэв таныг ерөнхийлөгчөөр сонговол Ерөнхийлөгчид хэрэг хүлээлгэх тухай хууль гаргахад хамтран ажиллахад бэлэн үү? 

Ю.Т.: Ард түмэн удирдагчаа харахыг хүсэхгүй болсон үедээ өөрсдийн цусаар төлөөс хийн түүнийг албан тушаалаас нь буулгахаас аргагүй болдог нөхцөл байдал дахин гарах ёсгүй гэж би үзэж байна. XXI зууны ардчилсан ертөнцөд ийм байж таарахгүй. Тиймээс би сонгууль дууссаны дараагаар Ерөнхийлөгчийг, гишүүн тус бүрийг ард түмэн сонгодог механизмыг бүрдүүлэх ёстой гэж бодож байна.

Украйны хувьсгалын дараа нэн шинэ эрин эхлэнэ гэж би бодож байна. Бид ард түмний хувьд өөр бүрэн эрх бий болгож, үндсэн хуулийн түвшинд шийдвэр гаргадаг нөхцлийг бүрдүүлэх ёстой. Украйнд дахин цус урсгасан хэрэг гарахгүй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинэ үндсэн хуультай болно. Энэ шинэ үндсэн хууль нь ард түмнийг зөвхөн билэг тэмдгийн чанартай засаглал биш харин улс орны ирээдүйг шийдэх эрх мэдэлтэй байхаар хуульчлах юм. Өнөөдөр ард түмэнд төрийн чадваргүй удирдлагуудаасаа салах ямар ч арга зам олдохгүй байна шүү дээ. 

Дайны эх үүсвэр болсон энэ усан цэргийн ангийг бид эх нутагтаа үлдээж болохгүй.

Би-би-си: Таны Владимир Путинтай хийсэн хийн хэлэлцээр өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байна. Үүний дараа Харьковын хэлэлцээр мөн гарсан. Харин бизнесийн хүрээнийхэн байж болшгүй өндөр үнэ төлж байна, Европын хамгийн өндөр үнээр Украйн төлбөрөө хийж байна гэж ярьдаг. Хэрэв өнөөдөр боломжтой байсан бол та энэ хэлэлцээрийг яаж хийх байсан бэ? Путинд ямар үг хэлэх байсан бол? 

Ю.Т.: Украйны хувьд хийн үнийн асуудал бол энэ улсын эрх чөлөөний тухай асуудал. Бүх юм болоод өнгөрсөн учраас харамсалтай нь би энэ тал дээр нэмж хэлж чадахгүй нь. Украйн улс эрх чөлөөнийхөө төлөө цусаараа төлөөс хийсэн гэж би үзэж байна. Харин одоо дээрээс нь нэмээд зах зээлийн хамгийн өндөр үнээр хий авах замаар эрх чөлөөндөө золиос гаргаж байна. Энэ нь Украйнд Оросын хийн хэрэглээг багасгах төдийгүй, эдийн засгаа бүрэн шинэчлэх, түлш эрчим хүчний системийн техникийн боломжуудаа бүрэн өөрчлөх боломжийг олгож байгаа юм. Ингэснээр бид Оросын хийг хэрэглэхгүй болно.

Тухайн үед, хэлэлцээр хийхдээ зах зээлийн үнээр төлбөр төлөх нь бид Кремлээс хамааралгүй байх нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцоолсон. Хэрэв бид Кремльтэй үнийн тохиролцоо хийвэл үргэлж л тэднээс хамааралтай байх болно. Тиймээс гарын үсэг зурсан хэлэлцээрээ хэрэгжүүлнэ. 2020 он гэхэд бид Оросын хийг хэрэглэхгүй гэж би тооцоолж байгаа. Энэ бол миний зам, миний стратеги. Януковичийн засгийн газрын тухайд гэвэл тэр өөрөө ийм хүчтэй шийдэмгий алхам хийж чадахгүй.

Хийн зах зээлийн үнэ өндөр байх нь манай үйлдвэрүүд өрсөлдөөн талаасаа гадаад зах зээл дээр илүү хүчтэй болох нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Учир нь үйлдвэрүүд эрчим хүчний хэрэглээгээ багасгахын тулд шаардлагатай техникийн бүхий л өөрчлөлтүүдийг хийнэ. Өөрөөр хэлбэл энэ хэлэлцээрийг би зөв гэж боддог.

Өндөр өсгий бол намайг хавчих гэсэн бүхний эсрэг тэмцэж байгаа миний тэмцлийн нэг илэрхийлэл ч байж болох юм.

Харин Черноморын усан цэргийн анги бол, ялангуяа энэ бүх үйл явдлын дараагаар харахад Украйны нутаг дэвсгэрт  үүссэн цэргийн тогтворгүй байдлын голомт гэж харагдаад байгаа юм. Дайны эх үүсвэр болж байна. Тиймээс аль болох хурдан хугацаанд Украйнаас Черноморын усан цэргийн ангийг гаргах ёстой. Харьковын хэлэлцээрийг цуцлах ёстой гэдэг утгаар нь би хэлээд байна. Бид нэн түргэн энэ усан цэргийн ангийг улсаасаа гаргахын тулд бүхнийг хийх ёстой. Дайны эх үүсвэр болсон энэ усан цэргийн ангийг бид эх нутагтаа үлдээж болохгүй. Үүнийг батлах баталгаа ч бий. 

Би-би-си: Таныг хоригдож байхад таны ойр тойрныхон, дэмжигчид  таныг яаралтай мэс засалд орох шаардлагатай, Германы эмч нар хэд хэдэн удаа ирж үзсэн гэж ярьж байсан. Рада хоригдлуудыг гадаадад эмчлүүлэх тухай хууль гаргахаар ч оролдож байсан. Ангела Меркель таныг нутагтаа урьж байсан шүү дээ. Та одоо энэ хагалгаандаа орох уу? Орвол хэзээ орох вэ? Бие муу байхад 10 см өндөр өсгийтэй гуталтай явахад хэцүү биш байна уу? 

Ю.Т.: Нэгдүгээрт, би хагалгаанд орохоор бэлдэж байна. Энэ сарын 8-9 хавьцаа байх болов уу. Хоёрдугаарт, өндөр өсгийтийн тухайд гэвэл би зүүн хөлөн дээрээ ачаалал өгч хэвийн явж чадаж байгаа. Үүнд өндөр өсгийт саад болохгүй. Ер нь өндөр өсгий бол намайг хавчих гэсэн бүхний эсрэг тэмцэж байгаа миний тэмцлийн нэг илэрхийлэл ч байж болох юм. Би эмэгтэй хүн шүү дээ, үүнийг ойлгох хэрэгтэй. Би зөвхөн дотроо хүчтэй байхын зэрэгцээ гаднаасаа бүх зүйл хэвийн байгаа мэтээр харагдах ёстой. Ер нь ч хагалгаанд орсны дараа миний бүх зүйл сайхан болно. 

Эх сурвалж: www.bbc.com