Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд үрчлэл буюу оддын PR

Б.Барс
2014 оны 3 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
Холливуудын од Мадонна болон түүний хүүхдүүд

Ерөөс хүүхэд үрчлэх, үрчлүүлэх асуудал араасаа маш олон асуудлыг дагуулж байдаг.

Нийгэмд байсаар ирсэн үзэгдэл атлаа өнөө хэр нь ардаа том том асуултын тэмдгийг үлдээсээр иржээ. Тэр утгаараа ёс суртахууны хэм хэмжээг илүүтэй илэрхийлдэг гэвэл зохино.

Холливуудын од Анжелина Жоли, попын хатан хаан гэгддэг Мадонна нар хүүхэд үрчлэлийн асуудлаас болж аль 2006 оноос нэг нэгэнтэйгээ дайтаж эхэлсэн гэдэг.

Хүүхэд үрчлэл нь Анжелина Жолигийн хэлснээр оддын PR гэж хэлж болох аж.

Тэр үед Мадонна Африкийн хамгийн ядуу орны нэг Малавигаас Дэвид хүүг үрчилж аваад удаагүй байхдаа нэгэн ярилцлагадаа, “Би Анжелина Жоли шиг НҮБ-ын элч болоод дэлхийн улс орнуудаар тэнэн, нэг их сүрхий буянтан болж хүүхэд үрчилж аван фото камеруудын өмнө инээмсэглэхийг хүсдэггүй. Би ядууралд нэрвэгдсэн орнуудад хүүхдийн асрамжийн газар байгуулж, хоол хүнс, эм тариа илгээн бодит тусламж үзүүлэхийг илүүд үздэг” гэжээ.

Хариуд нь Анжелина Жоли, “Би Мадоннаг чухам яагаад хүүхэд үрчилж авахыг хуулиараа хориглосон улсаас хүүтэй болсныг ойлгохгүй юм. Түүнд хууль үйлчилдэггүйг харуулах гэсэн юм байх даа” гэсэн аж.

Мадонна 2009 онд дахин Малавиг зорьж дахин нэг хүүхэд үрчлэх гэтэл тус улсын шүүх зөвшөөрөөгүй билээ. Дэлхийн том од тэрээр давж заалдаж байж санасандаа хүрэхэд Анжелина Жоли, “Мадонна хүүхэд үрчлэлээ өөрийгөө сурталчлах PR болгон ашиглаж байх шив” гээд нэлээд эгдүүцжээ.

Товчдоо бол дэлхийн хэмжээний одод хүүхэд үрчлэлээр өрсөлдөх хандлага шинэ зуун гарснаар эрчээ авч байх шиг. Энэ нь тэдний эерэг имижийг бүрдүүлдэг зэвсэг болсон ч гэмээр. Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчлэл нь Анжелина Жолигийн хэлснээр оддын PR гэж хэлж болох аж.

Өөр нэг зүйл бол эцэг, эхтэй хүүхдийн үрчлэлийн асуудал. Мадоннагийн өргөсөн хүүхэд эцэг эхтэй байсан. Манай Хууль зүйн сайд ч бас өөрийнхийгөө үрчлүүлсэн гэх асуудал гаргаад буй. Түүнийг хүүхдээ хүнд үрчлүүлээд эргүүлээд авсан гэх зэрэг янз бүрийн дуулиан чих дэлсэх болж.

Хүүхдэдээ гадаадад суралцах боломж олгохын тулд тийм үйлдэл хийхэд хүрсэн ч гэх шиг. Хүүхдийнхээ ирээдүйг бодож өөрөөсөө холдуулан өөр хүнд өгнө гэдэг буянтай үйл гэж хэлж арай л болохгүй санагдах юм. Энэ бол нөгөөх ёс суртахуун хэмээн ярьсны тодорхой жишээ юм.

Хүүхэд үрчлүүлнэ, үрчилж авна гэдэг “Өглөө-авлаа” гэсэн наймаа маягийн шийдэл биш баймаарсан. Үр дагаврыг нь таахад бэрх маш том ёс суртахууны, хүмүүжлийн асуудал шүү дээ. Нөгөө талдаа үрчлэгч хийгээд үрчлүүлэгчийн ёс суртахууны асуудал яригдана.

Гадаадад алдартнуудын дунд ядуу орнуудаас хүүхэд үрчилж аван өсгөх явдал моодонд орж байгаа бол манайд хүүхдээ үрчлүүлэх үйл явц газар авах вий.

Хөгжингүй төдийгүй хөгжиж буй олон оронд энэ үйл явцыг хуулиар маш нарийн зохицуулсан байдаг. Харин цөөн хүн амтай манайд энэ тал дээр нэлээд том хуулийн цоорхой байгаа гэлтэй.

Зураг