Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баасандорж: Комисс хүлээж авсан барилгуудыг дахин хянахыг хүссэн

Б.Энхзаяа
2014 оны 2 сарын 13
Зууны мэдээ
Зураг зураг
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж

Оны эхэнд барилгын ослоор эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай тохиолдлууд гарсан. Осол гаргасан барилгын компаниудыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгажээ.

Шалгалтын явцад компаниуд ямар байдалтай байсан, осол ямар шалтгаанаар гарсан тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржтой ярилцлаа. Тус газраас барилгын компаниудын хариуцлагын асуудлыг шийдэхэд дорвитой арга хэмжээ эхлүүлснээ онцолсон юм.

-Барилгын ажилчид бэртэж гэмтдэг, амиа алддаг тохиолдол хэ­тэрч гудамжинд, автомашиндаа явж байсан энгийн иргэд харамсалтайгаар үрэгдэх боллоо. Барилгынхан хяналтаас гарчихаж гэж ойлгож болох уу. Уг нь танай байгууллагын хариуцдаг салбар биз?

-Энэ асуудал дан ганц мэргэжлийн хяналтын байгууллага гэхээс илүү тодорхой төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажил хариуцагч хүмүүсийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. 2014 он гарангуут нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгуудад осол гарч эрдэнэт хүний амь эрсэдсэн.

“Өндөр буянт”, “Цаст констракшн”, “Макс өргөө”, “Тайгам алтай”, “Актив констракшн” компанийн барилгын үйл ажиллагааг зогсоолоо. 

Үүний мөрөөр манай газраас өвлийн улиралд барилгын ажил эрхэлж байсан компаниудыг шалгалаа. Нийт таван дүүргийн нутаг дэвсгэрт 45 обьект дээр ерөнхий гүйцэтгэгч 49, туслан гүйцэтгэгч 115 компани ажиллаж байсан.

Шалгалтын явцад өвлийн улиралд барилгын материал, угсрал­тын үйл ажиллагааг ямар төвшинд, ямар стандартаар хийдэг тухай эрхзүйн баримт бичиг дутмаг байгаа нь харагдсан. Үүнээс гадна компаниуд наад захын дотоодын хяналт шалгалтаа зохион бай­гуулдаггүй зөрчил дий­лэнх нь байсан.

Тухайн барилгын компаниудын дотоод хяналт шалгалт, хариуцлагагүй байдлаас эдгээр осол аваар гарсан. Эдгээр үндэслэлээр зарим компанийн барилгын үйл ажиллагааг зогсоолоо. 

-Хүний амь насанд хүрсэн барилгуудыг хэлж байна уу?

-Тийм. Таван ком­­панийн барилгын үйл ажиллагааг зогсоосон. “Өндөр буянт”, “Цаст констракшн”, “Макс өргөө”, “Тайгам алтай”, “Актив констракшн” компани. Шинэ он эхлээд аравхан хоногийн дотор эдгээр компанийн барилгын ажлын явцад ямар нэгэн байдлаар ажилчид болон энгийн иргэд амиа алдсан. Үүнийг яагаад дурдаад байна гэхээр хаа хаанаа хариуцлагын асуудал яригдаад байна. Дээр хэлсэнчлэн дан ганц мэргэжлийн хяналтын байгууллага гэхээс илүү төрийн байгууллагуудын хэн нь хариуцлага алдсаныг олж тогтоох шаардлагатай.

-Өвлийн улиралд барилга барих тухай эрхзүйн баримт бичиг дутмаг байгаа гэлээ. Үүнийг хэрхэн засч залруулж болох вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын салбарт ажил­лаж байгаа нөхдүүдтэй яаж хамтрах талаар байгууллагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Тухайлбал, эрхзүйн баримт бичгийн зохицуулалтыг төгс төгөлдөр болгохын тулд Барилга хот бай­гуулалтын яам, Хөдөл­мөрийн яамнаас үүнд анхаарч стандартыг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн үед тодорхой бичиг баримтгүй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж Монголд орж ирэх болсон.

Үүнд аюулгүй ажиллагааны дүрэм журам, стандартын асуудал хангаж ажиллах ёстой. Мэдээж өвлийн улиралд үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудын хариуцлагын тухай ярих нь зүй ёсны хэрэг. Тэдэнд хүний нөөц, техник тоног төхөөрөмжийн асуудал хурцаар тавигддаг. Мөн наад захын дотооддоо шийдчихээр асуудлууд бий.

Ажилт­нуудын хариуцлагагүй байдлаас аюулгүй бай­­дал хангагдахгүй байна. Барилгын компаниудын 50-иас дээш хувь нь шаардлага хангахгүй орчинд ажлаа үргэлжлүүлж байна.

-Барилгын ослоос гадна орон сууц худалдан авсны дараа хохирсон иргэд гарч эхэлсэн. Тухайлбал, компаниуд дутуу талбайтай байр худалдсан байх жишээтэй. Үүнд улсын комиссын асуудал хөндөгдөх байх?

-Энэ нь өнөөдөр яригдаж байгаа асуудал биш. Долоо, найман жилийн өмнөөс яриг­даж эхэлсэн.

Барилгын компаниудын 50-иас дээш хувь нь шаардлага хангахгүй орчинд ажлаа үргэлжлүүлж байна.

Таны хэлснээр барилгын ажил гүйцээгүй байхад улсын комисс хүлээж авсан хариуцлагагүй асуудал бий. Тиймээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрсөн жилүүдэд улсын комисс хүлээж авсан барилгуудад дахин хяналт тавихыг хүссэн. Мөн зөрчилтэй компаниудад албан даалгавар өгч байгаа. Компаниудыг зөрчлөө арилгатал шинээр барилга угсралтын ажлыг олгохгүй, тендерт оролцуулахгүй байх талаар Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргад хандаж санал хүргүүлсэн.

Дутуу талбайтай орон сууц худалдахаас гадна иргэд оршин суухад хүндрэл учруулахуйц чанаргүй барилгууд бий. Цахилгаан шат нь ажилладаггүй, дээвэр, хаалга, цонхнууд стандарт шаардлага хангаагүй материалаар хийсэн байх жишээтэй. Эдгээр асуудал одоо босоод ирсэн юм биш. Маш олон жил үргэлжилсэн, олон барилга дээр яригдаж байгаа учраас бид дан ганц нэг барилга, нэг компанийн асуудал гэхээс илүү иргэдийнхээ эрх ашгийг бодож дээрх шийдвэрүүдийг гаргасан.

-Шаардлага хангаагүй барилгын материал ашигласан гэлээ. Үүнд та бүхэн хяналт тавих ёстой биш үү?

-Барилгын мате­риал энэ салбарт хур­цаар тавигдаж байгаа асуудлын нэг. Дан ганц бүтээн байгуулалт гэхээс илүү барилгын материалыг ярихаас ар­гагүй. Тухайлбал, цонх, сантехникийн асуудал байна. Зарим компани Хятадаас хамгийн хямд чанаргүй материал оруулж ирээд хийсэн байдаг.

Нэг жил, нэг сар болох уу үгүй юу өндөр даралттай ус орж ирэхээр хагарч, задардаг. Түүнээс болж ус алдах тохиолдол энгийн болж. Мөн техник, то­ног төхөөрөмж, цемент, тоосго байна. Үйлвдэрлэж байгаа тоосго нь чанар,  стандартын шаардлага хангаж байна уу гэвэл бас л эргэлзээтэй.

Нэг жил, нэг сар болох уу үгүй юу өндөр даралттай ус орж ирэхээр хагарч, задардаг. Түүнээс болж ус алдах тохиолдол энгийн болж

Үүнийг нарийн шинжлэх лаборатори манайд алга. Дан ганц мэргэжлийн хяналтын байгууллага барилгын материалын араас хөөцөлдөөд явж чадахгүй байгаа. Хүн хүчний хувьд. Бид угсралт явагдаж байгаа барилгууддаа хяналт тавихаас материалыг хянаж чадахгүй байна. Энэ тухай Барилга, хот байгуулалтын яаманд санал тавьж байгаа.

-Энэ онд нийслэлд шинээр баригдах ба­рилгуудын тоо гарсан уу?

-2013 оны хоёрдугаар сарын 1-нээс барилга эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийс­лэ­лийн ерөнхий төлөв­лөгөөний газар болон Барилга, хот бай­гуулалтын яаманд шил­­жүүлсэн. Манай байгууллага зөвхөн хяналт тавих үүрэгтэй болсон.

Зураг