Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жесси мөрөөдлөө биелүүлэхээр тэнгэр рүү "нислээ"

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 12
iKon.MN

 

Хүнд өвчинтэйгээ тэмцэж, мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй амьдарч байгаагаараа дэлхийн сая сая хүнийг уярааж, тэдний итгэлийг хүлээж байсан Жесси Хайкилла хүү тэнгэр рүү “нислээ”.

Хүүхдүүдийн бахархал болсон Бетмэн болох, олимпийн наадамд хүч үзэх, цагдаагийн офицер болно гэж мөрөөдөж байсан хүүгийн хүсэл түүнтэй хамт диваажин руу явлаа. 

Жесси бусад долоон настнуудын адил энгийн нэгэн хүү байсангүй. Ямар их итгэл, ямар их мөрөөдөл бяцхан хүү тээж байсан гээч. Том болоод муу хүмүүстэй тэмцэнэ гэж мөрөөддөг байлаа. Түүний энэ ариун нандин хүслийг цагдаагийн дарга хүндэтгэн, мөрөөдлийг нь биелүүлж хэлтсийнхээ хүндэт офицер болгон урам хайрлаж, амьдралд тэмүүлэх итгэлийг нь дэврээж байжээ. 

Брижоутер хотын цагдаагийн хэлтсийнхэн бяцхан хамтрагчаа сүүлчийн замд нь үдэж, хүндэтгэл үзүүлэхээр оршуулган дээр нь бүрэн бүрэлдэхүүнээрээ иржээ. 
Салах ёс гүйцэтгэх үеэр олон офицерууд цуглаж, харин хүүгийн авга ах Бетмэний хувцас өмсчээ. 

Түүнчлэн “Оддын дайн” киноны хөгжмийг төгөлдөр хуураар эгшиглүүлж, хүүгийн дуртай киноны хөгжмийг сүүлийн удаа сонсгож, бишрэн хүндэлдэг байсан баатраар нь ийн эцсийн удаа салах ёс хийлгэж байгаа нь энэ. 

Бүгд л Жесситэй холбоотой хамгийн сайн сайхан, баяр баясгалантай үеийг дурсахыг хүсч байлаа. 

Хотын оршин суугчид хүүгийн дурсгалыг хүндэтгэхээр супер баатруудын хувцас өмсөн, салах ёс гүйцэтгэх ажилд оролцон, түүний араас залбирч байлаа. 

Ийм олон хүн, тэр дундаа Жессиг танихгүй хүмүүс ч асар их мөрөөдөлтэй байсан хүүг сүүлчийн замд нь үдэхээр ирснийг харсан хүмүүс нулимсаа барьж чадахгүй байв.