Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Хэлсэндээ хүрдэггүй компаниудыг замын салбараас зайлуулна

Д.Түвшин
2014 оны 2 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Сар бүрийн хоёр дахь долоо хоногт болдог “Ши­нэ­чилж шийдье-222” хэлэл­цүүлэг өчигдөр Тө­рийн ордны “А” танхимд “Авто зам-2014” нэртэйгээр болж,  монголын авто замын салбарт хүчин зүтгэж байгаа ком­па­ниу­дын төлөөлөл оролцсон.

Уг ярилцлагыг нээж Монгол Улсын Ерөн­хий сайд Н.Алтанхуяг үг хэ­лэхдээ “Өнгөрөгч 2013 он монголын авто замын сал­барын хувьд сэргэн ман­далтын он байлаа. Бид хамтын хүчээр урьд өмнө хийж байгаагүй том бүтээн байгуулалтын ажлын ард гарсан. 

Гэхдээ бидэнд үүнээс ч ихийг хийж амжуулах хүч, боломж, цаг хугацаа байсныг бүрэн дүүрэн ашиг­лаж чадаагүй. Жил гаруйн өмнө өнөөдөр уул­заж байгаа компаниудыг Зам тээврийн яаман дээр цуглуулаад ярилцсан. Тэр үед би замын компаниудын захирлуудад “За нөхөд минь та нар сайхан амлалт өгч байна шүү. Амалсанаа биелүүлээрэй” гэж л хэлж байсан. Дийлэнх компани хэлсэндээ хүрсэн.

Харин “Насны зам”, “Ялгуусан”, “Хурдны зам” бас Хөвс­гөлийн Уньтын замыг авсан БНСУ-ын нэр бүхий компани зэрэг хэдхэн ха­риуц­лагагүй компани хэл­сэн үгэндээ хүрээгүй.

Бид 2013 онд зургаан аймгийг Улаанбаатартай хол­­­бох зорилго тавьсан ч Хөвс­гөл, Дорнодын замыг хуга­цаанд нь барьж чадаагүй. Дорнодын зам саатсан хамгийн гол буруутан бол “Насны зам” ком­пани мөн. Өнөөдөр ч энэ компанийн захирал Ж.Энхжаргал сууж л харагдана. 

Замын тендерийг ямар нэгэн аргаар салгаж авчихаад цааш нь дамлаж зардаг байдал замын салбарт хавтгайраад байсан.

Өмнөговийн замын ту­хайд хамгийн их балаг тарьсан гүйцэтгэгчээр “Ял­гуусан” гэдэг компани тодорсон. Техник, хүн хүч­ний хувьд яагаад ч дий­лэхгүй замын тендерийг ямар нэгэн аргаар салгаж авчихаад цааш нь дамлаж зардаг байдал замын салбарт хавтгайраад байсан. 

Бид хойшид ч энэ зохисгүй үйлдэлтэй хатуу тэмцэнэ” гэсэн юм. 

Энэхүү ярилцлагаас анзаарагдсан хамгийн гол зүйл нь Засгийн газ­рын зүгээс 2013 онд дуус­гаж чадаагүй Дорнод, Хөвс­­гөлийн зам дээр нь нэ­мээд Өмнөговь, Завхан, Сүхбаатар аймгуудыг Улаан­баатартай холбох засмал замын ажилд бүх л хүчээрээ дайрах юм байна гэдэг нь ойлгогдсон юм. “Чингис” бондын үлдэгдэл дээр нэмээд “Самурай” бондын хэдэн төгрөг энэ зун засмал зам болоод урсаад дуусах бололтой. 

Завханы зам дээр ажиллаж байгаа “Хурдны зам” компани тэр ажлаа дийлэхгүй байж дээр нь нэмээд Хархорины замын тендерийг өөрийн болгосон нь баруун тийш чиглэсэн замын ажлыг гацаах гол саад, тээглүүр болжээ. 

Харин Н.Алтанхуяг сайд бүрэн эрхийнхээ үлдэж бай­гаа хугацаанд бүх аймгийн төвийг Улаанбаатартай ха­­туу хучилттай замаар хол­бож дуусгана гэсэн нь тэнд цуг­ласан энэ салбарын­ханд ихээхэн урам зориг өгөх шиг болно лээ. 

Зам тээврийн сайд А.Ган­сүхийн мэдээллээс үзвэл 2013 онд Хөгжлийн банк­ны хөрөнгө оруулалтаар 881 км засмал зам баригджээ. Үүн дээр нэмээд он дамжин баригдах 1019 км зам байгаа гэнэ. Нийтдээ 1900 км зас­мал замын ажилд 570 тэрбум төгрөг төлөвлөснөөс 350 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэжээ. 

Өнгөрсөн онд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийтдээ 494 км зам бариг­даж, 302 км зам он дамжин гүйцэтгэлээ хүлээж байгаа аж. Нийтдээ 797 км зас­мал замын ажилд 161 тэрбум төгрөг төлөвлөснөөс 101 тэрбум төгрөгийн сан­хүүжилт хийгдсэн байна. 2013 онд улсын төсвийн хө­рөнгө оруулалтаар 324 км авто зам баригдаж, 269 км зам он дамжин гүй­цэт­­гэгдэхээр байгаа ажээ. 

Ин­гээд нийтдээ 595 км замын ажилд 269 тэрбум төгрөг тө­лөв­лөгдсөнөөс 220 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. 

Өнгөрсөн онд уул уур­хайд зориулагдсан 122 км авто зам баригдсан бөгөөд он дамжин 522 км авто зам гүйцэтгэлээ хүлээж байгаа гэнэ. 

Ер нь нийтдээ 2013 онд 647 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийгдэж нийтдээ 1824 км авто зам хүлээж авснаас 1700 км нь 2013 онд хийгдэж дууссан ажил юм байна. Энэ бүх ажилд 8917 хүн, 4947 техник механизмын хүчээр хийж гүйцэтгэжээ. Авто замын салбарт 2013 онд 2767 ажлын байр шинээр бий болжээ. 

Энэ онд өнгөрсөн оных­той ижилхэн Улсын төсөв, Хөгж­лийн банк, гадаадын зээл тусламж гэсэн гурван эх үүсвэрээр авто замын ажил хийгдэх ажээ

Зураг