Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

П.Алтангэрэл: Н.Оргилыг хангалттай сайн дэмжиж ажилласан шүү

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл

ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргил сэтгүүлчдэд хоёр хоногийн өмнө мэдээлэл хийж, өөрийг нь их хэмжээний мөнгө идсэн гэх мэдээлэл худал, түүнчлэн ажлаас шахан зайлуулах гэсэн оролдлогыг яаман дотроос хийж эхэлсэн талаар хэлсэн. Мөн ССАЖЯ төрийн бус төрлийн алба болсон бөгөөд үүнийг гэрчлэх  баримттай мэдээллийг тун удахгүй хийнэ гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл энэхүү мэдээллийн няцааж, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр хэлэхдээ “Манай газрын дарга Н.Оргил олон нийтэд ташаа мэдээлэл цацлаа. ССАЖЯ-ыг төрлийн алба болсон гэж худал мэдээллээ.

Яам 78 ажилтантай бөгөөд бүгдийг АТГ-т шалгуулж байж ажилд авсан, бүгд төрийн албаны шалгалт өгч тэнцээд орсон хүмүүс. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй ажилтан ганц ч байхгүй.

П.Алтангэрэл: ССАЖЯ 78 ажилтантай бөгөөд бүгдийг нь АТГ-т шалгуулж байж ажилд авсан

Түүнчлэн намайг өөрийн хүүгийн компани болох “Аглут”-тай гэрээ байгуулж, Дорнод аймгийн Баянтүмэн суманд барих спорт, соёл урлагийн цогцолборын барилгын ажлыг  өгсөн гэсэн байна. Энэ бас  л худлаа. Энэхүү тендерийн ажлыг “Аглут” комани миний бие ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болохоос өмнө авсан байсан ажил. Гэсэн ч би ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэн Авлигатай тэмцэх газраас зөвлөмж хүссэн. Ингээд харьяа яамны сайдад хандсанаар ашиг сонирхлын зөрчилгүйг баталж дээрх компанид санхүүжилт олгосон. Тиймээс энэ асуудал надтай нэг их хамаарах асуудал биш” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр “Н.Оргилыг халах эрх надад байдаг нь үнэн. Гэхдээ тэрбээр өнөөдөр ажлаа хийгээд л явж байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд би Н.Оргилыг  чадах чинээгээрээ хангалттай сайн дэмжиж ажилласан гэж бодож байна” гэж байв.

Түүнээс Газрын дарга Н.Оргилын санаачилсан “Сумдын мини кино театрын төсөл”-ийг ямар шалтгаанаар зогсоосныг нь тодруулахад,
- “Мини кинотеатр төслийн хүрээнд нэг суманд 20-35 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулдаг. Төслийг эхний ээлжийн 20 суманд хэрэгжүүлэхэд ямар ч тендер зарлалгүй эхлүүлсэн, Энэ ажлыг Н.Оргил зохион байгуулсан. Хамгийн гол нь эдгээр мини кинотеатрууд нь одоо болтол ашиглалтад ороогүй байна.

Учир нь театрыг ажиллуулах боловсон хүчнээ бэлдээгүй, хэрэглэгчийн судалгаа хийгээгүй, ашиглалтын зардлыг хэн төлөх нь тодорхой бус гээд асуудал их байсан. Гэтэл дахиад 30 суманд кинотеатр байгуулна хэмээн тендер зарлаж түүндээ өөрийн сонгосон компанийг шалгаруулсан. Ийм байхад тус төслийг дахин үргэлжлүүлнэ гэдэг байж болохгүй асуудал. Эцэс сүүлдээ энэ бүхний хариуцлагыг би үүрэх учраас гэж хариуллаа.