Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Оргил: Төрийн алба бол нэг их хүсээд байх эд биш юм байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргил өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Шалтгаан нь өнгөрсөн 2013 оны найм, есдүгээр сараас эхлэн түүний тухай үндэслэлгүй худал мэдээлэл цацагдаж эхэлсэн бөгөөд, энэхүү үйлдэл нь улам даамжирч, тэвчиж суух аргагүйд хүрсэнтэй холбоотой гэв.

Түүний хэлж байгаагаар дараах шалтгааны улмаас өөрийг нь их хэмжээний мөнгө идэж уусан хэмээн гүтгэх болсон гэнэ. Мөн зарим гүтгэлийг ССАЖЯ дотроос зохион байгууллттай хийж, ажил хийж байгаа нэгнийгээ шахан залуулах гэж оролдож байгаа нь ч үнэн гэлээ. 

  • ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргил нь үүрэгт ажлаа авсанаас хойш томоохон хэд хэдэн ажил хийсэн бөгөөд үүний нэг нь Олон улсын “Улаанбаатар” кино наадам байсан. Энэхүү наадмыг зохион байгуулахдаа Монголын урлагийн зөвлөлтэй гэрээ байгуулж, тус зөвлөл кино наадмыг зохион байгуулжээ. Нийт 250 сая төгрөг шаардлагатай гэсэн ч ССАЖЯ-наас 150 сая төгрөг л гаргаж өгсөн байна. Мөн Монгол Улсад болж байгаа кино наадам учраас монгол киногоор нээлтээ хийх ёстой гэсэн үүднээс нээлтийн киноны сонгон шалгаруулалт явуулж, хоёр кино бүртгүүлжээ. Үүний нэг нь БНСУ-ын Пусаны кино наадамд амжилттай оролцсон “Шарга даага” кино байсан бол нөгөөх нь нэгэн PR, сурталчилгаа хийдэг хувийн компанийн /нэрийг нь нууцлав/ бүтээл байсан. Иймд шүүгчид хэлэлцэн “Шарга даага” киногоор нээлтээ хийжээ. Энэ үеэс “ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргил 250 сая төгрөг идсэн уусан” гэх худал цуурхал гарч эхэлсэн гэнэ.

Иймд тэрбээр 250 сая төгрөг идэж уусан гэх асуудлаар хаана, хэнд ч шалгуулахад бэлэн гэсэн бөгөөд “Энэ бол үлгэр домог шиг зүйл, худлаа мэдээлэл, намайг хардаж байгаа хүмүүс хаашаа ч хандсан болно” гэсэн юм.

Түүнчлэн "National Geographic Mongoliа" төслийн 1.5 тэрбум төгрөгийг найзуудтайгаа хамтран завшсан гэх мэдээлэл ч худал бөгөөд энэ ажлыг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газар эрхлэн хийсэн, надад ямар ч хамаагүй тухай мэдэгдлээ.

Мөн ССАЖЯ-ны газрын дарга Н.Оргил руу "National Geographic Mongoliа" сэтгүүлийн хуулийн зөвлөх компаниас утасдаж, гадуур тараад байгаа ташаа мэдээллийг няцааж тун удахгүй мэдээлэл хийнэ гэж хэлсэн байна.

Тэрбээр энэ мэт зүйлсийг мэдээлэлдээ дурдсан бөгөөд эцэст нь “Төрийн алба гэж нэг их хүсээд байх эд биш  байна. Төрлийн алба гэдэг нь үнэн юм байна. Тиймээс би ажлаа өгөхдөө харамсаад байх юм алга” гэлээ.

Түүнчлэн дараагийн удаа ССАЖЯ хэрхэн төрлийн алба болсон тухай баримттай мэдээлэл дэлгэнэ гэсэн юм.