Хөлбөмбөгийн од Сон Хын Минийг санхүүгийн ашиг хонжоо олох зорилгоор сүрдүүлсэн эмэгтэйд Өмнөд Солонгосын шүүх өчигдөр дөрвөн жилийн хорих ял оноожээ.
20 настай энэ эмэгтэй хүүхдийг нь тээж байгаа хэмээн түүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн хэргийг прокурорын байгууллага мөрдөж илрүүлсэн юм байна.
Тухайлбал тэр өнгөрсөн онд 300 сая вон ($200,000) нэхэж, өгөхгүй бол хүүхдийг нь тээж байгаагаа нийтэд зарлахаар сүрдүүлж байжээ.
Сон Хын Мин энэ мөнгийг нь өгсөн боловч тэр эмэгтэй энэ онд дахин мөнгө нэхсэний дараа цагдаад хандсан юм байна.
Авсан мөнгөө эмэгтэй тансаг эд бараа, хэрэглээнд зарцуулсныг нь шалгалтын явцад тогтоожээ.
Тэрбээр Соноос мөнгө салгахын тулд нийт 15 удаа сүрдүүлсэн юм байна. Энэ хэргийн хамсаатан болох 40 настай эрэгтэй бас хоёр жилийн хорих ял сонсжээ.
“Эмэгтэй өөрийгөө хохирогч болгон харагдуулах замаар мөнгийг нөхөн төлбөр болгон авсан байна. Гэвч түүний сүрдүүлэг бодит баримттай нийцэхгүй байгааг тогтоосон” гэж прокурорууд шүүх хурлын үеэр мэдэгдээд үүнийг “сайтар төлөвлөсөн луйвар” гэж дүгнэсэн байна.
Сон Хын Мин өнгөрсөн аравдугаар сард Умард Америкийн хөлбөмбөгийн дээд лигийн (MLS) тоглогчдын дунд хамгийн өндөр орлоготой хоёр дахь тамирчин болж байжээ.
Одоо 33 настай тэрбээр наймдугаар сард сүүлийн 10 жил тоглосон Английн Премьер Лигийн Тоттенхэм клубээсээ АНУ-ын Лос Анжелес клубт ирсэн нь MLS-ийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй шилжилт болсон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!