Даваа гарагийн орой Японы хойд бүс нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 гаруй хүн бэртэж, Номхон далайн эрэг дагуу 70 см хүртэл өндөр цүнами үүсжээ.
Тус улсын гол арал Хоншюгийн хамгийн хойд захад оршдог Аомори мужийн эргээс 80 км зайтай Номхон далайн гүнд оройн 11:15 цагийн үед газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв цэг далайн мандлаас 50 км-ийн гүнд байсныг тогтоожээ.
Японы засгийн газар хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгааг мэдээлж байна.
Нийт 23 хүн бэртэж, гэмтсэнээс нэгийнх нь биеийн байдал хүнд байгааг Гал түймэр, Гамшгийн Удирдлагын Агентлаг мэдээлсэн юм.
NHK телевизийн мэдээлснээр тэдний ихэнх нь унасан эд зүйлсэд цохиулжээ.
Японы цаг уурын агентлаг эхлээд газар хөдлөлтийн хүчийг 7.6 магнитуд гэж мэдээлсэн ч сүүлд 7.5 болгон бууруулсан байна.
Цүнамигийн давлагааны өндрийг зарим газарт 3 метр хүрч болзошгүй гэсэн түгшүүр зарласнаа сүүлд анхааруулга болгон бууруулжээ.
Засгийн газрын нарийн бичгийн дарга Минорү Кихара анхааруулгыг цуцлагдах хүртэл өндөрлөг газарт толгой хоргодохыг орон нутгийн иргэдэд зөвлөсөн байна.
Тэрбээр уг гамшгийн улмаас 800 орчим өрхийн цахилгаан хангамж тасарч, Шинкансен хурдны галт тэрэг болон орон нутгийн төмөр замын зарим шугамыг түр зогсоосныг мэдээлжээ.
Бүс нутгийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг шалгаж байгааг Кихару бас мэдээлсэн байна.
Аомори мужийн Роккашо түлш боловсруулах үйлдвэрийн хөргөлтийн хэсгээс 450 литр орчим ус асгарсан боловч усны түвшин хэвийн хэмжээнээс буураагүй, аюулгүй ажиллагааны горим алдагдаагүйг Цөмийн Зохицуулах Газар мэдээлжээ.
Хачинохе агаарын баазад 480 орчим иргэн толгой хоргодож, хохирол тогтоох ажилд зэвсэгт хүчний 18 нисдэг тэргийг дайчилсан тухай Японы батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми мэдээлсэн байна.
Хоккайдо арлын Шинэ Читосе нисэх буудалд 200 орчим зорчигчийн нислэг саатсаныг NHK мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд газар хөдлөлтийн чичиргээ үргэлжилж болзошгүйг цаг уурын байгууллага анхааруулж байна.
Тухайлбал Токио хотоос зүүн зүгт оршдог Чиба мужаас Хоккайдо арал хүртэл эрэг дагуу 8 магнитудын хүчтэй газар хөдөлж, цүнами үүсэх эрсдэл бага зэрэг нэмэгджээ.
Тус агентлаг энэ бүсийн 182 хотын оршин суугчдад энэ долоо хоногийн турш гамшгийн нөхцөлд бэлтгэлтэй байхыг зөвлөсөн байна.
Хохирлын хэмжээг яаралтай тогтоох ажлын хэсэг байгуулснаа Японы ерөнхий сайд Санае Такаичи сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
“Бид хүмүүсийн амь насыг нэн тэргүүнд тавьж, чадах бүхнээ хийж байна” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.
Энэ удаагийн газар хөдлөлтийн төв цэг нь 20,000 хүний амь үрэгдсэн 2011 оны 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн төв цэгээс холгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!