Уншиж байна ...

Blue Origin компанийн аварга пуужин Ангараг руу нисэх NASA-гийн хоёр хөлгийг дэлхийн тойрог замд тээвэрлэн хүргэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Blue Origin компанийн New Glenn пуужин өчигдөр Ангараг гарагт хүрэх NASA-гийн хоёр сансрын хөлгийг тээвэрлэн дэлхийгээс хөөрсөн байна.

Энэ бол Амазоны үүсгэн байгуулагч Жэф Безосын компанийн зохион бүтээсэн аварга пуужингийн хоёр дахь нислэг юм.

98 метр урт New Glenn өчигдөр үдээс хойш Флорида мужийн Канавералын хошуунд орших сансрын буудлаас хөөрчээ.

Орон нутгийн цаг агаарын байдал, нарны шуурга зэрэг үзэгдлүүдийн улмаас дөрөв хоног саатсаны эцэст ийнхүү хөөрсөн байна.

Пуужингийн хурдасгуур эх биеэсээ салсны дараа амжилттай газардсан нь SpaceX-ийн нэвтрүүлсэнтэй адил олон дахин ашиглах, зардал хэмнэх боломжийг Blue Origin компанид олгожээ.

Хурдасгуурууд Флоридагийн эргээс 600 км зайд тэнгисийн усанд байрласан тавцан дээр амжилттай буусан байна.

Энэ оны нэгдүгээр сард New Glenn анх удаа хөөрөхдөө хиймэл дагуулын загварыг дэлхийн тойрог замд хүргэж чадсан ч хурдасгуур нь төлөвлөгөөний дагуу Атлантын далайд бууж чадаагүй юм.

New Glenn пуужингийн тээвэрлэсэн Escapade нэртэй хос хөлөг дэлхийгээс 1.5 сая километрийн зайтай тойрог замд нэг жил орчим хугацааг өнгөрөөх бөгөөд ирэх оны намар дэлхий, Ангараг хоёр зохих байрлалд шилжсэний дараа дэлхийн таталцлын хүчний тусламжтай Ангарагийн чиглэлд аяллаа эхэлнэ.

Улмаар 2027 онд Ангарагийн тойрог замд орж, тус гарагийн дээд атмосфер, соронзон орон, тэдгээр нь нарны шуургатай хэрхэн харьцдаг зэргийг судлах ажлаа эхлэх юм.

Энэ судалгаа нь Ангараг гараг яагаад ийм амьдралгүй, хуурай ертөнц болсныг ойлгоход туслах гэнэ.

Blue Origin компани зохион бүтээсэн тээвэрлэгч пуужингаа дэлхийг анх удаа сансрын хөлгөөр тойрсон Америк хүн болох Жон Гленний нэрээр нэрлэсэн юм.

Одоо тус компани бас чинээлэг хүмүүст сансрын уудмыг үзүүлэх төлбөртэй нислэг зохион байгуулдаг бөгөөд үүнд ашигладаг New Shepard хөлөг нь дээрх New Glenn пуужингаас тав дахин жижиг хэмжээтэй.

Blue Origin мөн удахгүй өөрийн зохион бүтээсэн Blue Moon сарны станцынхаа туршилтын загварыг хөөргөх гэж байгаа.

2000 онд Безосын үүсгэн байгуулсан тус компани NASA-гийн саран дээр буух Artemis хөтөлбөрийн гурав дахь аяллыг гүйцэтгэхээр гэрээ байгуулаад байгаа юм.

Уг хөтөлбөрийн нэг ба хоёр дахь аяллыг Илон Маскийн SpaceX хариуцаж байна.

SpaceX-ийн Starship тээвэрлэгч пуужин Безосын New Glenn пуужингаас 30 орчим метрээр урт юм.

Гэхдээ Starship пуужингийн туршилтын явц удаашралтай байгаа тул NASA өнгөрсөн сард SpaceX компанитай өөр компаниудыг өрсөлдүүлэх болсноо зарлаж байв.

Тиймээс SpaceX, Blue Origin хоёрын хэн түрүүлсэн нь NASA-гийн сансрын нисэгчдийг саранд хүргэх төлөвтэй байна.

NASA саран дээр сансрын нисэгчдээ буулгахаар яарч байгаа нь Хятад улсаас өрсөх гэсэн зорилготой нь холбоотой.

Хагас зууны өмнө NASA-гийн 12 сансрын нисэгч Apollo хөтөлбөрийн хүрээнд дэлхийн дагуул дээр хөл тавьж байсан түүхтэй.

 

Эх сурвалж: Associated Press