Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Тус хуулийн төсөлд ямар онцлох заалт тусгагдсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай гэсэн үндсэн дөрвөн том хуульд гол өөрчлөлтүүд орно. Энэ удаагийн хуулийн өөрчлөлтүүдийг бэлдэх явцад нийт 13,000 татвар төлөгчийн хамруулсан өргөн хэлэлцүүлэг явсан.
Иргэдэд:
- Бүх иргэний сар бүрийн 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтыг 100 хувиар, 500-800 мянган төгрөг хүртэлхийг 50 хувиар, 800 мянган төгрөгөөс дээш худалдан авалтыг хуучнаараа 20 хувиар НӨАТ-аас чөлөөлөгдөнө. 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалт НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдвөл худалдан авалт хийж буй нийт иргэний 50 хувь нь бүрэн НӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөнө. 20 хувь нь 50 хувийн НӨАТ-ын буцаан авалт хийнэ. Ингэснээр нийт иргэний 70 хувь нь НӨАТ-аас 50-100 хувь бүрэн чөлөөлөгдөнө.
- Хөдөлмөр эрхэлж буй бүх иргэний сар бүрийн 800 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас 100 хувь чөлөөлнө. 800 мянган төгрөг гэдэг бол цалингийн системээр татвар төлж байгаа бүртгэлтэй нийт иргэний 45 хувь нь татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Жишээлбэл хоёр сая төгрөгийн орлоготой хүн эхний 800 мянган төгрөг дээрээ татвар төлөхгүй, үлдсэн 1.2 сая төгрөгөөсөө татвар төлөөд явна.
- Бүх нийтээрээ шударга, тэгш татвар төлөх эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд үйл ажиллагааны орлогыг шатлалд хамруулах, хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг 400 сая төгрөг болгож, үйл ажиллагааны орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
- Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлтөд хамрагдана.
- Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулж, үүсэж болзошгүй татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор татварын албанаас тайлангийн төслийг урьдчилан бэлтгэн хүргүүлдэг болно" хэмээн танилцуулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!