Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Тус хуулийн шинэчлэлтэй холбогдуулан гарах өөрчлөлтүүдийн талаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгмийн даатгалын санг мэргэжлийн байгууллагуудаар удирдуулна. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад байршуулаад алдчихдаг гэх ойлголт бий. Цаашдаа мэргэжлийн байгууллагуудаар удирдуулж, нийгмийн даатгалын шимтгэлээр 5.6 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж буй сангийн менежментийг ил тод болгоно.
Мөн аж ахуйн нэгжүүд дээр ганцхан байцаагч очно. Татварын байцаагч, нийгмийн даатгалын байцаагч очиж дансыг нь хаахгүй. Нийгмийн даатгалын орлогыг зөвхөн татварын байцаагч бүрдүүлдэг болно.
Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлд дээд хязгаар тогтоож өгнө. Хамгийн өндөр цалин өгөөд, цалинтайгаа ижил хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нар төлдөг нь маш том ачаалал. Тиймээс өндөр цалин өгч буй ажил олгогч нарыг урамшуулна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хувь хүний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин үржүүлснээр хязгаар тогтоож өгсөн. Гэсэн атлаа ажил олгогч дээр хязгаар тогтоож өгөөгүй. Хувь хүн, аж ахуйн нэгж адилхан болж байна.
Гэрээгээр ажиллаж буй хүнээс давхардуулж шимтгэл авч байна гэж ярьдаг. Энэ шимтгэлийг давхцуулахгүй зохицуулалт хийж байгаа. Ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын хэмжээг 2.5 хувийн хөнгөлөлт чөлөөлөлт олгож байгаа. Нийгмийн даатгалын сангийн 5.6 их наяд төгрөгийн орлогын 2.7 их наядыг аж олгогч төвлөрүүлдэг. Үүний 500 тэрбум төгрөгийг ажил олгогч нарт хөнгөлөлтүүдээр өгнө.
Оюутан залуучууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Сайн дураараа даатгуулагчдын шимтгэл төлөх хугацааг уян хатан болгож байгаа. Манай улсад сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 140 гаруй мянган хүмүүс бий. Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
Мега төсөл, том хөтөлбөр хэрэгжүүлж буй үндэсний аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг үйлдвэр нь ашиглалтад орсны дараа төлөх уян хатан нөхцөлийг олгож байна. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сан бүрэн хариуцдаг болж байна. Одоо бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал авдаг мөртлөө бүрэн хариуцдаггүй.
Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцөлийг өөрчилж байна. Туулайчилдаг зүйлийг зогсоож, ажил олгогчийг дэмжсэн зохицуулалтыг хийж өгч байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний хувь хэмжээнд нэг хүртэлх хувийн хөнгөлөлт олгоно.
Тодорхой хэмжээний хүмүүс нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардгийг ирээдүйд байхгүй болгоно. Бүгдээрээ ижилхэн шимтгэл төлнө, төлсөн шимтгэлээсээ тэтгэвэр авдаг болно. 2018 оноос хойш тэтгэврийн нас жил бүр гурван сараар нэмэгдэж байгаа. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй хүмүүсийнх нэмэгдэхгүй байгаа. Монгол Улсад 4,000 гаруй ажил мэргэжлийн жагсаалт байгаагийн 1,413 нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр гардаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!