Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ талаар Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хамтарсан Засгийн газар огцорчхоод яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ хэмээн иргэд шүүмжлэлтэй хандаж магадгүй. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл бол тодорхой цаг хугацаа, эх үүсвэр шаардсан. Олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай. Тиймээс өнгөрсөн хугацаанд олон нийтийн дунд хийсэн хэлэлцүүлгийг үндэслэж энэ хуулийн төслийг өргөн мэдүүлж байна.
Нийгмийн даатгалын шинэчлэл яг юу гэдэг асуудал байна. Монгол Улс анх удаа тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. Тогтолцооны шинэчлэлийг дэлхийн улс орнууд хоёр зүйлээр ойлгодог. Нэгдүгээрт олон эх үүсвэрт буюу олон давхарт эх үүсвэрээс тэтгэвэр авдаг тогтолцоог ойлгодог. Одоо бол бид ганцхан эх үүсвэрээс тэтгэвэр авдаг.
УИХ-д өргөн барих гэж буй хууль батлагдвал хүмүүс олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг нээж байна. Нэгдүгээрт суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирнэ. Тэтгэвэр авч буй хүмүүсийн 54 хувь нь доод хэмжээгээр авдаг.
Цаашдаа Монгол Улсад тэтгэврийн доод хэмжээ гэх ойлголт байхгүй болно. Учир нь суурь тэтгэвэр орж ирснээр энэ ойлголт байхгүй болно. Суурь тэтгэвэр гэдэг нь 20-оос дээш жил ажилласан бүх даатгуулагч ажилласан хугацаанаас үл хамаарч ижил хэмжээний тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил шимтгэл төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр настны суурь тэтгэвэртэй болж байна гэсэн үг.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байгаа ч ямар үр өгөөж өгдөг вэ, хувийг бууруулах нь зөв гэсэн 100 мянган хүний санал гарсан. Өнөөдрийн өргөн барьж буй хуулиар ажил олгогч нар дээр хоёр хүртэлх хувийн шимтгэлтийг бууруулах, хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг олгож байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулах тогтолцоо руу шилжүүлэх хуулийг өргөн барьж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулаад бага тэтгэвэр авах уу, төлж буй 8.5 хувиасаа дөрвөн хувийг өөрийнхөө бодит хуримтлал болгоод хувийн тэтгэвэр рүү шилжүүлэх үү гэдэг тогтолцооны шинэчлэл хийгдэж байгаа гэсэн үг.
Бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэл бусад руу очиж байна гэдэг. 1979 оноос хойш төрсөн хүмүүс нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгодог хуультай. Тиймээс 1979 оноос хойш төрсөн ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүс дөрөв хүртэлх хувийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!