Уншиж байна ...
Зураг
Зураг

Дүүжин замын тээвэр төслийн нийт гүйцэтгэл 33 хувьд хүрчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Анх 2018 онд эхэлсэн дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил энэ оны гуравдугаар сард эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар Яармаг-Арцат - Өнөр хороолол чиглэлд явах дүүжин замын тээврийн буудлын барилга угсралт, гадна тохижилт, шугам сүлжээний зураг, ачаа тээвэрлэлт зэрэг нийт зургаан ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд шон суурийн ажил 92 хувьтай, гадна шугам сүлжээний зураг 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол тулгууруудын холбогч хавтангийн суурийн арматур, холбогч хавтангийн суурийн бетон цутгалтын ажлыг дуусгаснаар төслийн нийт гүйцэтгэл 33 хувьд хүрчээ.  

Төслийн хүрээнд Яармаг, Арцат талын нэг га талбайд 98 кабины гарааш, засварын цех, авто зогсоол барихаар төлөвлөж, гараашны барилгын ухмалын ажил үргэлжилж байна. Түүнчлэн задгай агуулахын хашааг энэ долоо хоногт багтаан угсарч дуусгахаар төлөвлөсөн байна.

Шаардлагатай материал, тоног төхөөрөмжүүдийг Франц улсаас тээвэрлэж, өнөөдрийн байдлаар нийт 20 чингэлэг ачаа барилгын талбайд буужээ.

Дүүжин замын тээвэр төслийн бүхий л ажлыг чанарын шаардлагын дагуу, төлөвлөсөн хугацаанд хүлээлгэж өгөхөөр инженерийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахин ажиллаж байгаагаа төслийн нэгжээс мэдээлэв.

Төслийг хэрэгжүүлж, дүүжин тээвэртэй болсноор Яармаг, Сонсголонгийн гүүр орчмын түгжрэл 15 хувиар буурах тооцоолол гарчээ. 

Төслийг 40-өөс дээш жилийн хугацаатай, жилийн 0.0078%-ийн хүүтэй, 316 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогийн Франц улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа юм.

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн онд мэдээлэхдээ "2025 оны зургаадугаар сар гэхэд дүүжин тээврийн үндсэн цамхаг болон кабинуудыг угсарч дуусгана. Цамхаг, кабиныг угсарснаас хойш бүтэн зургаан сарын хугацаанд зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх дүрэмтэй.

Хугацааг наашлуулж, ирэх оны есдүгээр сард улсын комисс дүүжин тээврийг хүлээж авч, ашиглалтад оруулах шаардлагыг тавьж байгаа" хэмээн хэлж байв.