Уншиж байна ...

"Үнийн өсөлт, ажилгүйдэл, хэрэглээний зээл зэрэг нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 3 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын их хурлын гишүүн М.Нарантуяа-Нарагийн санаачилгаар “Гэр бүл хамгаалал-шийдэл” үндэсний хэлэлцүүлэг өнөөдөр Чингис хаан үндэсний музейд болж байна. 

Энэ үеэр танилцуулсан Улаанбаатар их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийн Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх 2018 онд хийсэн судалгааны хэсгээс хүргэж байна. 

Монгол гэр бүлийн доторх харилцааны хэв шинжийн нэгдэл нягтралын хувьд 50 хувь нь салангид, 19 хувь нь тусгаарлагдсан байдалтай бол 25 хувь нь нэгдмэл, зургаан хувь нь өндөр түвшний нэгдмэл гэсэн дүн гарчээ.

Харин дасан зохицох чанарын байдлаар авч үзэхэд 73 хувь нь хөшүүн, 20 хувь нь уян хатан хэмээн дүгнэгджээ.

2010-2018 он хүртэл гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлсийг үнийн өсөлт, ажилгүйдэл, хэрэглээний зээл гэж дүгнэсэн байна. Гэр бүлд гарч буй зөрчил, маргааны шалтгааны 41 хувь нь мөнгө санхүү гэж үзжээ. Эдийн засгийн шалтгаантай асуудлууд гэр бүлийн асуудлын суурь шалтгаан болж байна гэж дүгнэсэн байна. 

Монгол гэр бүлд нийтлэг тохиолдож байгаа асуудлуудыг:  

  • Эдийн засаг, амьжиргааны доройтол 
  • Ядуурал, сэтгэл гутрал, идэвхгүй байдал 
  • Хүний хөгжлийн үзүүлэлт, чадамжгүй байдал 
  • Гэр бүлийн ёс суртахууны унал- Үнэнч бус байдал 
  • Гэр бүл салалт- 10 жилд 4 дахин нэмэгдсэн
  • Хүүхдийн хүмүүжил, хөгжил, төлөвшил- гэмт хэрэг хийх, хохирогч болох байдал 
  • Донтолт- цахим орчин, архи, тамхи, мансуурал, тоглоом 
  • Уламжлал соёлын дэвшилтэт үнэт зүйл устаж байгаа 
  • Хүчирхийлэл буурахгүй байгаа 
  • Гэрлэлтийн нас хойшилж байгаа
  • Төрөлт буурч байгаа 
  • Гадаад шилжилт- улс дамнасан гэр бүл гэж үзжээ.