Лондон хотноо өчигдөр болсон Британи, Монголын улс төрийн зөвлөлдөх уулзалтын гол сэдэв нь тусгаар тогтнол, олон улсын эрх зүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай байв.
Гадаад харилцаа, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Кэтрин Уэст Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нар уулзан манай хоёр орны худалдаа, эдийн засгийн өсөлтөөс эхлээд боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.
Талууд Британи-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, Улаанбаатар хотын метрог барихад Британийн Экспортын санхүүжилтийн агентлагтай хамтран ажиллах боломжийн талаарх хэлэлцээг үргэлжлүүлнэ гэлээ.
Манай хоёр орон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах тал дээр бат зогсон Их Британи болон Монгол Улсын Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн (ҮХЦ) зорилтуудаа биелүүлэхийн төлөө байгааг цохон тэмдэглэлээ.
Сайд Кэтрин Уэст нь 2024 оны наймдугаар сард "Дэлхийн эмэгтэйчүүдийн форум"-д оролцохоор Монгол Улсад айлчилсан бөгөөд тус айлчлал нь Энэтхэг-Номхон далайн бүсийн сайдын хувиар хилийн чанадад хийсэн анхны айлчлал нь байв.
Тэрбээр айлчлалынхаа үеэр алслагдмал аймгийн Англи хэлний багш нарыг бэлдэхэд 500,000 фунт стерлингийн тусламж үзүүлэх болсныг зарласан.
Энэхүү өндөр түвшний зөвлөлдөх уулзалтын талаар Сайд Катрин Уэст хэлэхдээ "Өнөөдөр Лондон хотноо Британи-Монголын улс төрийн анхдугаар яриа хэлэлцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Шадар сайд С.Амарсайхантай уулзаж байгаадаа баяртай байна.
Их Британи бол 1963 онд Монгол улстай дипломат харилцаа тогтоосон барууны анхны орон юм. Манай хоёр орны энэхүү түүхэн харилцаа улам бүр бэхжиж байна.
Эх сурвалж: Их Британийн Элчин сайдын яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!