"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Улсын аварга малчин Ц.Балжинням Монгол Улсын гавьяат малчин цолоор шагнуулсан юм.
Төрийн тэргүүнээс шагналаа гардан авсных нь дараа түүний сэтгэгдлийг хуваалцлаа.
Монгол Улсын гавьяат малчин Ц.Балжинням "Энэ сайхан өдөр төрийнхөө хайр хишгийг хүртэж Монгол Улсын гавьяат малчин эрхэм алдрыг хүртсэндээ маш их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, гэр бүлийнхэн, ханийнхаа хамтын хүчин зүтгэл, нутаг усныхныхаа тус дэмээр энэхүү төрийн өндөр дээд шагналд хүрлээ.
Би 50 гаруй жил мал маллаж байна. 1990 онд Улсын аварга малчин болж байлаа. Үүнээс 30 гаруй жилийн дараа гавьяат малчин болж байна. Нутгийнхаа зон олонд Сар шинийн мэнд дэвшүүлье" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр өөрийн гэр бүл, үр хүүхдүүддээ малчин ухааныг өвлүүлэн үлдээх талаар "Бид аав ээжээс наймуулаа. Хамгийн том ах маань Монгол Улсын Хүний гавьяат эмч Ц.Оюундэлгэр гэж хүн байлаа. Эгч маань Монгол Улсын аварга малчин Ц.Цэнд-Аюуш гэж хүн бий.
Ер нь манайхан өөрсдийн эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, хөдөлмөрч, оюунлаг хүмүүс болон хүмүүжсэн. Энэ зэрэгтэй үр хүүхдүүд биднийгээ өсгөн хүмүүжүүлсэн аав ээж маань бурханы орондоо амар тайван нойрсон байгаа байх гэж сэтгэдэг дээ.
Би өөрөө таван хүүхэдтэй. Малчин удамтай хүмүүс эхээс төрөхдөө л төрмөл малчин байдаг. Суманд манай нэг хүүхдийнх амьдардаг. Хүүхэд маань сумын сайн малчин, мянгат малчин хүн бий. Мөн саяхан нэг хүүхдийнх маань Улаанбаатар хотоос нэг шилжиж нутагтаа төвхнөөд байна.
Хөдөөгийн малчин айлд төрж өссөн хүүхдүүд эхээс гарахдаа л төрмөл малчин байж, ахуйдаа татагддаг юм шүү дээ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!