Уншиж байна ...
Зураг

Д.Оюун: Маргааш 0, 5 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

П.Сайнжаргал, IKON.MN
3 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун дараах мэдээллийг хүргэлээ. 



Тэрбээр хэлэхдээ "Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад хяналт тавьж ажиллах чиглэлд ТЦА-наас зохицуулалт хийж байгаа.

Цагаар сарын өдрүүдэд нийслэл, орон нутгийн 614 цэгт 1,810 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллана.

Орон нутгийн замыг бүсчилсэн байдлаар хувааж, хэвтээ болон босоо тэнхлэгийн хувьд 100 километр тутам байнгын пост ажиллуулж байгаа.

Баяр амралтын өдрүүдийн хувьд хамгаалалт зохицуулалт хэвийн үргэлжилнэ" гэлээ. 

Мөн "Өнөө оройн 20:00 цагаас тэгш, сондгой улсын дугаарын тээврийн хэрэгслийн зохицуулалтын хэрэгжилт дуусна.

Маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаарын арын тоо гарагийн зохицуулалт буюу 0, 5 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.

Баяр амралтын өдрүүдэд хязгаарлалтгүйгээр тээврийн хэрэгслүүд зорчино.

Золголтын үетэй холбогдуулаад хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгддэг.

Хөдөө орон нутаг руу зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй, хамгаалах бүсээ заавал зүүж хэвшээрэй.

Тээврийн хэрэгсэлд олуулаа зорчих шаардлага үүсдэг учраас хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдынхоо тоог анхаарах хэрэгтэй.

Мөн бага насны хүүхдийг өвөр дээрээ тэврэх тохиолдол их байдаг. Иймд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд анхаарах хэрэгтэй" гэдгийг хэллээ.