Уншиж байна ...
Зураг

Хятадын сошиал ертөнцөд трэнд болж буй “Гөлөг уул”

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хөх мөрний эрэгт оршдог нохойн дүрстэй уулын зураг Хятадын сошиал ертөнцөд трэнд болж байна.

Шанхайн дизайнер Гуо Чиншань өнгөрсөн сарын сүүлээр өөрийн төрсөн нутаг Хубэй мужийн Ичан тосгоны ойролцоо ууланд аялж явахдаа уг гэрэл зургийг санамсаргүй буулгажээ.

Сүүлд тэр Хөх мөрний ус руу түрсэн уулын хэсэг нохойн толгойтой тун адилхан хэлбэртэй болохыг анзаараад сошиал хуудсандаа “Гөлөг уул” нэртэйгээр нийтэлсэн байна.

“Энэ үнэхээр хөөрхөн хэлбэртэй. Дүрсийг олж харсныхаа дараа би маш их баярлаж хөөрсөн. Нохойн гөлөг ус ууж байгаа мэт, эсвэл загас харж байгаа мэт хэлбэртэй. Эсвэл Хөх мөрнийг харж хамгаалж байгаа ч юм шиг” гэж Гуо авсан зургийнхаа талаар тайлбарлажээ.

Гуогийн RedNote хуудсанд нийтлэгдсэн зураг арван өдрийн дотор 120,000 гаруй “лайк” цуглуулж, #xiaogoushan (хятад хэлээр гөлөг уул гэсэн утгатай) хаштаг Weibo платформ дээр олон сая хүний анхаарлыг татсан байна.

зураг
 

Олон хүн тухайн уулыг өөрийн нүдээр харахаар Ичан тосгонд очиж эхэлжээ. Тэдний зарим нь бүр нохойгоо дагуулж ирэх болсон байна.

Гуогийн зураг олны анхаарлыг татсаны дараа хүмүүс өмнө нь уулын хэлбэрийг анзаараагүй өнгөрсөн аяллынхаа гэрэл зургуудыг бас сошиал орчинд хуваалцаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Associated Press