Уншиж байна ...
Зураг
Зураг

Өмнөд Солонгост сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа хүүхдийн төрөлт нэмэгдэх шинж тэмдэг ажиглагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгос улс нь хүн амын нөхөн үржихүйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас хамгийн сүүлийн байранд жагсаж байгаа.

2015 онд тус улсад 1,000 хүн тутамд 1.24 хүүхэд төрж байсан бол түүнээс хойш энэ үзүүлэлт жил дараалан буурч байсан юм.

Тэгвэл дээрх үзүүлэлт өнгөрсөн онд анх удаа өссөнийг Өмнөд Солонгосын статистикийн алба өчигдөр мэдээлжээ.

1,000 хүн тутамд оногдох шинэ төрөлтийн тоо 2023 онд 0.72 байсан бол 2024 онд 0.75 болж өссөн байна.

Уг өсөлтийг цар тахлын улмаас завсарлаад байсан хосуудын гэрлэлт эрчимжиж, засгийн газрын авч хэрэгжүүлсэн төрөлтийг дэмжих бодлого үр дүнгээ өгч эхэлсэнтэй холбоотойг мэргэжилтнүүд тайлбарлажээ.

“Нийгмийн үнэт зүйлсийн тухай ойлголт өөрчлөгдөж, гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох талаар илүү эерэг үзэл хүн амын дунд давамгайлах болсон гэж бид үзэж байна. Яг ямар хүчин зүйлс нөлөөлснийг хэмжихэд хэцүү ч тэдгээр нь бүгд харилцан нэгэндээ сайнаар нөлөөлсөн байх боломжтой” гэж Солонгосын Статистикийн Албаны төлөөлөгч Пак Хюн Жүн тоо баримтыг танилцуулах үеэрээ хэлсэн юм.

Өнгөрсөн онд тус улсын ерөнхийлөгч Юн Сүк Ёл засгийн газрын бүтцэдээ “хүн амзүйн хямралыг хариуцсан яам” байгуулах санал гаргаж байв.

Шинээр мэндэлсэн хүүхдийн эцэг эхийн аль аль нь ажлаасаа чөлөөлөгдөхдөө зургаан сар хүртэл хугацаанд үндсэн цалингаа 100 хувь авдаг болох хууль хэрэгжихээр болсон.

Мөн эцэг эхчүүдийн чөлөөлөгдөх хугацааны дээд хязгаарыг нэг жилээс нэг жил, хагас болгон сунгажээ.

Энэ жилээс эхлэн Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд хүүхдийн халамжтай холбоотой тоо баримтаа засгийн газрын холбогдох байгууллагад тайлагнах үүрэгтэй болсон юм.

Үүн дээр үндэслэн засгийн газраас тэдэнд санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх болсон байна.

2025 онд Өмнөд Солонгосын засгийн газар төрөлтийг дэмжих бодлогод нийтдээ 19.7 их наяд вон ($13.7 тэрбум) зарцуулахаар төлөвлөсөн нь өнгөрсөн оныхоос 22 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News