Уншиж байна ...
Зураг
Зураг

Ашигт малтмалын гэрээгээр Украинд аюулгүй байдлын баталгаа амлахгүйгээ Трамп мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт засгийн газрын хуралдааныхаа үеэр сэтгүүлчидтэй уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй байгуулагдах ашигт малтмалын гэрээ Украин улсад албан ёсны аюулгүй байдлын баталгаа болж чадахгүйг мэдэгдсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский маргааш буюу Баасан гарагт уг гэрээнд гарын үсэг зурахаар Вашингтонд хүрэлцэн очих юм.

Гэхдээ байгуулагдах гэрээ нь АНУ-ын ашиг сонирхлыг Украинд бий болгосноор хэн ч халдаж зүрхлэхгүйг Трамп хэлсэн байна.

“Энэ бол Украины хувьд бас маш том гэрээ. Учир нь тэд үүгээрээ биднийг татаж чадна. Бид тэнд очвол энэ нь автомат хамгаалалт болно. Учир нь манай хүмүүсийг тэнд байхад хэн ч халдаж чадахгүй” гэж Трамп хэлжээ.

Тэрбээр цааш нь “Би тийм их баталгаа өгөхгүй. Харин үүнийг Европ хариуцах болно. Учир нь Европ бол тэдэнтэй хил залгаа хөрш. Гэхдээ бүх зүйл хэвийн байгаа эсэхэд бид санаа тавих болно” гэж хэлсэн байна.

Дайныг зогсоохын тулд ямар буулт хийх бодолтой байгааг нь асуухад Украиныг НАТО-д элсүүлэх санаанаас татгалзах талаар Трамп мэдэгджээ.

“НАТО-г мартах хэрэгтэй. Бүх зүйл эхэлсэн гол шалтгаан энэ байх гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Жо Байден тодорхой хугацаа хэлэлгүйгээр хэзээ нэг цагт Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг дэмжиж байв.

Трамп “Бид хоёр талын аль алинд нь хамгийн сайн нөхцөлтэй энхийн гэрээ байгуулахын төлөө чадлаараа хичээх болно. Украины хувьд бид тэдэнд аль болох ихийг буцааж өгүүлэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргах болно” гэж амлажээ.

Тэрбээр өөрийнх нь дипломат хүчин чармайлт Украиныг бүхлээр нь авахыг зорьж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг байр сууриа өөрчлөхөд хүргэж чадсан гэж үзэж байгаагаа энэ үеэр бас илэрхийлсэн байна.

“Тэр бол маш ухаантай хүн. Бас маш зальтай хүн. Бид тохиролцож чадна гэж би бодож байна. Хэрвээ би сонгогдоогүй байсан бол тэр Украинд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх байсан гэдэгт итгэлтэй байна” гэж Трамп хэлсэн юм.

Даваа гарагт Вашингтонд айлчилсан Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон аливаа энхийн гэрээний хэрэгжилтийг хангахын тулд Европын орнууд Украинд цэргээ илгээх боломжтой, гэхдээ АНУ-ын дэмжлэг аюулгүй байдлыг бататгахад зайлшгүй чухал үүрэгтэйг мэдэгдэж байв.

Өнөөдөр буюу Пүрэв гарагт Вашингтонд айлчлах Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер дээрхтэй ижил саналыг Трампын засаг захиргаанд тавих төлөвтэй байна.

 

Эх сурвалж: AFP