Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас “Нэн-чухал ашигт малтмал ба Монгол Улсын шилжилтэд нөлөөлөх чухал шийдвэрүүд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр “Монголын үндэсний ховор элемент” ХХК гүйцэтгэх захирал А.Цолмон "Халзан бүрэгтэй төслийн эхний шатны өрөмдлөгийн ажил 2023 онд дууссан. 2024 онд урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлээ гаргасан. Дараагийн шатанд үргэлжлүүлэн өрөмдлөгийн ажлыг хийж, нарийвчилсан судалгаануудыг хийх шаардлагатай байна. Ордын насыг уртасгаж, улсад өгөх татвар, үүсгэх ажлын байр зэргийг урт хугацаанд тогтвортой өсгөх зорилготойгоор ажиллаж байна.
Эрчим хүчний шилжилтийн энэ цаг хугацаанд газрын ховор элементийн үнэ харьцангуй тогтвортой, өсөлттэй байгаа ч эрсдэлтэй зах зээл юм. Иймд Халзан бүрэгтэй ордыг тус эрсдэлтэй зах зээл дээр зөв цаг үед нь зөв байрлуулах дэлхий нийтийн уралдаанд орчихсон явж байна.
Халзан бүрэгтэй нь орд нь манай улсын нийт газрын доорх геологийн нөөцийн 40 шахуу хувийг эзэлдэг, хүнд газрын ховор элементийн агуулга нь бүртгэгдсэн ганц орд юм. Иймд бид ачааны хүндийг үүрч Монгол Улсын эрдэс түүхий эдийг солонгоруулж, баяжуулах ажлыг өөрсдийнхөө хувьд боломж гэж харж байгаа.
Үргэлжлүүлэн тэрбээр тулгамдаж буй асуудал нь иргэдийг мэдээлэлжүүлэх явдал байгаа талаар "Тулгарч буй бэрхшээлүүдийн хувьд орон нутгийнхантай ойлголцох байдал хүнд хэвээр байна. Бид ард иргэдтэй маш их уулзаж байгаа ч "хор, аюул" гэдэг ойлголт газрын ховор элементтэй хүртэл холбогдчихсон буруу ойлголт яваад байдаг.
Үүнийг яаж шийдэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Энэ асуудал дээр бид Засгийн газрын зүгээс хүсэх зүйл их байгаа. Бидний хувьд иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хөрөнгөөр үүрээд, эрсдэлээ бууруулахын тулд ард түмний эрүүл аюулгүй байдлыг хангаж байна гэх мэдээллээ нутгийн иргэдэд тогтмол өгөөд ажиллаж байна.
Нөгөө талаас Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлогын ажлуудтай зэрэгцээд олборлолт нь тун ойрхон ирчхээд байгаа энэ ордуудыг эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл нь дэмжиж ажиллахын тулд цацрагийн суурь түвшний судалгааг хийх, түүнийг мэдээлэх ажилдаа бидэнтэй хамтарч ажиллах, бидний гурван жилийн турш нутгийн иргэдийг мэдээлэлтэй болгоход хийсэн мэдээлэл зэргийг авч ашиглах, иргэдэд нээлттэй байдлаар тайлбарлах зэрэгт хамтарч ажиллах хэрэгтэй байна. Газрын ховор элементийг Монгол Улс экспортлох гэж л байгаа бол энэ ажил дээр зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!