Уншиж байна ...

Хятад улс Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн мэдэгдэлд “маш их гайхаж, сэтгэл дундуур байгаагаа” илэрхийлэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарлах болсон шалтгаанаа тайлбарлаж, өөрийгөө өмгөөлсөн утгатай ээлжит мэдэгдлийг өчигдөр өглөө хийсэн юм.

Ингэхдээ тэр Хятад улсын иргэд тус улсын батлан хамгаалах байгууламж, тагнуулын төв газрын байрны зураг бичлэгийг үйлдсэн хоёр ч тусдаа хэрэг гараад байхад тагнуулын үйл ажиллагааны талаар зохих хуулийн шинэчлэлтийг батлахыг эсэргүүцсэн сөрөг хүчнийг буруутгажээ.

Юн Сүк Ёлын ярьсан зүйлтэй холбоотой Хятад улсын гадаад хэргийн яам дараа нь бас мэдэгдэл гаргажээ.

“Бид Өмнөд Солонгосын талын мэдэгдлийг сонсоод маш их гайхаж, бас сэтгэл дундуур байна. Тус улс дотоодын асуудлаа Хятад улстай холбоотой хүчин зүйлээр тайлбарлаж, Хятадын тагнуул гэх хилс хэргээр хоёр улсын эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг гутаан доромжилж буйг бид эрс эсэргүүцэж байна” гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өчигдөр Бээжинд болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдсэн байна.

Дээр дурдсан хоёр хэрэг шүүхээр хараахан шийдэгдээгүй бөгөөд Хятад улс Өмнөд Солонгостой энэ асуудлаар хамтран ажиллаж байгааг тэр бас хэлжээ.

Үүнээс гадна Мао уг хэрэгт холбогдсон иргэдийнх нь аюулгүй байдал, хууль ёсны эрхийг баталгаажуулахыг Өмнөд Солонгосын эрх баригчдад уриалсан байна.

 

Эх сурвалж: Yonhap News