Ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Румын, Болгар улсуудыг Шенгений бүсэд бүрэн нэгтгэх шийдвэрийг Европын Холбооны гишүүн орнуудын хууль зүйн сайд нар өчигдөр гаргажээ.
Зүүн өмнөд Европын энэ хоёр улс 18 жилийн өмнө Европын Холбоонд нэгдэж, Шенгений бүсэд нэгдэх техникийн шаардлагыг 15 жилийн өмнө хангасан юм.
“Энэ бол Болгар, Румын улсуудыг угтан авах түүхэн мөч юм” гэж ээлжийн дагуу Европын Холбоог тэргүүлж буй Унгарын дотоод хэргийн сайд Шандор Пинтер мэдэгджээ.
Европын Холбооны бусад удирдагчид Румын, Болгар улсууд Шенгений бүсэд нэгдсэн явдалд баяр хүргэцгээсэн байна.
Румын, Болгарын иргэдийн маш удаан хүлээсэн шийдвэр гарсанд талархаж байгаагаа Румыний ерөнхийлөгч Клаус Иоханнис өчигдөр мэдэгджээ.
“Маш удаан хүлээсний эцэст бид эдлэх ёстой эрхээ хууль ёсны арга замаар олж авлаа” гэж тэр хэлсэн юм.
Гэрээ ёсоор Румын, Болгар улсууд Шенгений бүсийн бусад орнуудтай хилээ нээх бөгөөд харин Турк-Болгарын хил дээр хамтарсан шалган нэвтрүүлэх цэгүүд ажиллуулахаар болжээ.
Энэ долоо хоногийн эхээр хоёр улсыг Шенгений бүсэд нэгтгэхийг ганцаараа эсэргүүцэж байсан Австри улс байр сууриа өөрчилснөөр асуудал гацаанаас гарсан байна.
Шенген бол нийт 450 сая гаруй хүн амтай 29 улсын 4.6 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг нэгтгэсэн чөлөөтэй зорчих бүс юм.
Энэ оны гуравдугаар сарын 31-нээс Румын, Болгар улсуудын агаар, усан замын хилийг Шенгений улсууд руу нээсэн бол хуурай замын хилийг нээхийг Австри улс эсэргүүцэж байжээ.
Венийн эрх баригчид улс оронд нь ирэх хууль бус цагаачдын урсгал нэмэгдэхээс болгоомжилж байсан юм.
Румын, Болгараас ирэх хууль бус цагаачдын урсгал эрс багассан нь байр сууриа өөрчлөх шалтгаан болсныг Даваа гарагт Австрийн дотоод хэргийн сайд Герхард Карнер мэдэгдэж байв.
Хамгийн сүүлд Хорват улс 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Шенгений бүсэд нэгдэж байлаа.
Шенгенд элсэх нь Румын, Болгар улсуудын эдийн засагт чухал нөлөөтэй гэж үздэг. Одоо эдгээр улсуудын хилээр ачаа тээврийн автомашинууд нэвтрэхийн тулд олон километр урт үргэлжилсэн дараалалд хүлээдэг юм. Ингэснээр бараа бүтээгдэхүүний өртөг зардал нэмэгддэг.
Европын Холбооны 27 гишүүн орны 25 нь ийнхүү Шенгений бүсэд нэгдэж байна. Нэгдээгүй үлдсэн хоёр гишүүн нь Кипр, Ирланд улсууд юм.
Европын Холбооны гишүүн бус улсуудаас Исланд, Лихтенштейн, Норвеги, Швейцар улсууд нэгдсэн байдаг.
Европ тивд чөлөөтэй зорчих бүс байгуулах гэрээг анх 1985 онд Бельги, Франц, Герман, Нидерланд, Люксембург улсууд Люксембургийн Шенген тосгонд байгуулж байсан түүхтэй.
Эх сурвалж: Radio Free Europe
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!