Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXII дугаар их хурал өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд болно. Тус хурлаас танхимын ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдахаар товлогдсон.
Энэхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлээд байсан танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр Авлигатай Тэмцэх Газраас баривчилсан байна.
Түүнийг Байгаль орчны сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага хангаагүй Герман улсын нэгэн компанитай байгуулсны улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт санаатай нэгдэж оролцсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.
Энэ талаар АТГ-аас тодруулахад “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Шүүхийн шийдвэрээр цагдан хорьж шалгаж байгаа. Прокурорын зөвшөөрөлгүйгээр хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулт өгөв.
Харин Т.Дүүрэн өчигдөр сошиалд "Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч Танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна" хэмээн бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!