Уншиж байна ...

Улсын хэмжээнд 81 тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдол гарчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 12
iKon.MN

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал (ИТХ)-ын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа.

Урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 мандатын 40-ыг МАН, тавыг АН авав. Харин Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Архангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр гэсэн аймгийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонх болоод байна.

Тэгвэл Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт АН-ын нэр дэвшигчид олонх болж чаджээ. Одоогоор Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын албан ёсоор нэгтгэгдэж ирээгүй байна.

зураг
 

Мөн улсын хэмжээнд аймаг болон сумын ИТХ-ын 81 тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын тоо дээрх зурагт үзүүлсэн байдлаар тэнцсэн тохиолдол гарсан тухай СЕХ-оос мэдээлэл өглөө.

Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тохиолдолд адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулах талаар орон нутгийн сонгуулийн тухай хуульд заажээ.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх аж.

Түүнчлэн нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм байна.

НИТХ-ын сонгуулийн дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг "ИТХ 2024" хуудаснаас харна уу.