Уншиж байна ...

“Миний муурыг битгий идээч”: Трампыг элэглэсэн дуу олны таашаалд нийцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп хэрвээ сонгогдвол гадаадын цагаачдын эсрэг хатуу бодлого барьж ажиллахаа амлаж байгаа.

Энэ сарын эхээр болсон телевизийн мэтгэлцээний үеэр тэр Америкийн нэг хотод Хайти улсаас ирсэн цагаачид нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтдыг барьж идэж байгаа тухай нотлогдоогүй зүйл ярьсан юм.

Гэвч Охайо мужийн Спрингфилд хотын захиргаа, цагдаагийн газар Трампын ярьсан зүйлийг няцааж, ийм ямар ч баримт бүртгэгдээгүйг баталж байжээ.

Дараа нь Трампын дэд ерөнхийлөгчийн сонголт Жэй Ди Вэнс “Манай дэмжигчид ийм зүйл болсныг надад хэлсэн” гэж хэвлэлд ярьсан юм.

Лхагва гарагт Спрингфилд хотын Хайти гаралтай иргэд худал хуурмаг мэдээ тарааж, өөрсдийг нь аюултай байдалд оруулсан Трамп, Вэнс нарын эсрэг шүүхэд гомдол гаргажээ.

Тэгвэл Өмнөд Африкийн хөгжим сонирхогч Дэвид Скотт хэдхэн өдрийн өмнө Трампын ярьсан зүйлийг хөгжилтэй дуу болгон найруулсан байна.

зураг
 
Дэвид Скотт

Дууны дүрс бичлэгийг YouTube платформд өнгөрсөн хугацаанд 9 сая гаруй удаа үзжээ.

“Спрингфилдийн хүмүүсээ, миний муурыг битгий идээч, Яагаад та нар ингэдэг юм бэ? Өөр идэх зүйл зөндөө байгаа шүү дээ” гэх мэт үгтэй энэ дуунд бас гэрийн тэжээвэр амьтдын махнаас өөр юу юу идэж болохыг зөвлөсөн байна.

“Дональд Трамп шиг хүмүүсийн үүсгэдэг сөрөг энерги, туйлшралыг засах хамгийн хүчтэй зэвсэг бол хөгжим гэж бид боддог. Би хөгжмөөр хүмүүсийг нэгтгэхийг хүсдэг. Тиймээс би энэ дуундаа амьтдыг ашигласан. Учир нь амьтад бол хүмүүсийг нэгтгэх ид шидтэй юм” гэж Кэйп Таун хотын 36 настай уугуул Скотт ярьжээ.

Тэр бас энэ бүтээлээрээ Спрингфилд хотын золбин муур, нохойнуудыг аврах үйлсэд хандив цуглуулсан нь $20,000 даваад байгаа гэнэ.

“Би урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байсангүй. Ардчилсан болон Бүгд Найрамдах намын аль алины дэмжигчид олноор хандаж байна” гэж Скотт ярьжээ.

Эх сурвалж: AFP