Уншиж байна ...

Их Британийн хөрөнгө оруулалтын чуулганд уригдаагүйдээ Илон Маск “шаралхав”

С.Мөнхцэцэг, ikon.mn
4 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Их Британид зохион байгуулагдах олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск уригдаагүй байна.

Наймдугаар сард Британи даяар цагаачлалыг эсэргүүцсэн үймээн самуун дэгдэхэд Маск өөрийн эзэмшлийн Х сошиал платформоор тус улсад удахгүй иргэний дайн эхлэх гэж байгааг зөгнөж, ерөнхий сайд руу нь дахин дахин дайрч давшилж байсан юм.

Энэ нь Маскийг уриагүйн шалтгаан бололтой.

Тухайн үед Британийн эрх баригчид сошиал сүлжээгээр нийгмийг үймээн самуунд турхирсан зарим хүмүүсийг баривчлан хорьж байв.

Уг үйл явдал нь Соутпорт хотод бүжгийн дугуйлангийн сурагч гурван охин хутгалуулж алуулсан хэргээс үүдэлтэй байжээ.

Уг аллагыг гадаадын цагаач үйлдсэн гэх цуурхлын улмаас үндсэрхэг үзэлтнүүд үймээн дэгдээсэн юм.

“Сошиал сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шоронд хорихын тулд хүүхэд хүчирхийлсэн ялтнуудыг сулладаг Их Британид хэн ч очоод хэрэггүй гэж би бодож байна” гэж Маск өчигдөр X хуудсандаа бичжээ.

Энэ сарын эхээр Их Британийн эрх баригчид шоронгуудынхаа ачааллыг бууруулахын тулд хөнгөн гэмт хэрэгтэй ялтнуудыг чөлөөлөх шийдвэр гаргасан юм.

Гэхдээ үүнд бэлгийн гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг хамруулаагүй бол Маск мэдэгдэлдээ эсрэгээр нь хамрагдсан мэт бичжээ.

Аравдугаар сард болох чуулганд шинэ ерөнхий сайд Кир Стармер их ач холбогдол өгч, олон тэрбумын хөрөнгийг татах зорилготой байгаа.

Маск өнгөрсөн оны чуулганд уригдсан ч оролцоогүй юм.

Их Британийн засгийн газар Маскийг яагаад уриагүй талаараа болон түүний хийсэн мэдэгдлийн талаар байр суурь илэрхийлээгүй байна.

Сөрөг хүчний улс төрч Жереми Хант дээрх чуулганд Маск уригдаагүйг “томоохон гарз хохирол” гэж дүгнэжээ.

Sun сонины эрхлэгч асан, олон нийтийн харилцааны мэргэжилтэн Дэвид Йелланд хэрвээ Маск уг чуулганд оролцвол “арга хэмжээний нэр хүндэд асар муугаар нөлөөлөх”-ийг анхааруулсан байна.

“Тэр өөрийгөө үг хэлэх эрх чөлөөг хамгаалагч гэдэг ч хүүхэд шиг аашилж, нийгэмд онцгой хор хохиролтой, худал хуурмаг зүйлсийг байнга түгээдэг хүн. Түүн шиг худал хуурмаг мэдээлэл тараадаг хүмүүс энэ дэлхийгээр зөндөө байгаа. Тэр баян, нөлөөтэй байлаа гээд бусдаас өөр биш. Зарим тохиолдолд ямар үр дагавартайгаас үл хамааран бид түүний эсрэг зогсож чаддаг байх хэрэгтэй” гэж тэр ярьжээ.

Зуны үймээний үеэр Британийн засгийн газар тэмцэгчдийг шийтгэхийн  тулд Фолклэндийн арлууд дээр хорих газар байгуулж байгаа тухай хуйвалдааны онолыг Маск өөрийн хуудсанд нийтэлж байв.

Дараа нь тэр үүнийгээ устгасан юм. Тухайн үед Британийн засгийн газрын сайд нар Маскийн үйлдлийг “ямар ч үндэслэлгүй” хэмээн эрс няцааж байжээ.

 

Эх сурвалж: BBC