Уншиж байна ...

Hyundai Motor газар доорх зогсоолд гарсан галыг унтраах зориулалттай робот бүтээхээр болсноо зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Hyundai Motor групп газар доорх автомашины зогсоолд гарсан галыг унтраах зориулалттай робот бүтээхээр төлөвлөж буйгаа өчигдөр зарлажээ.

Тус компани улсынхаа гал түймэртэй тэмцэх үндэсний газартай хамтран ажиллаж, 2026 онд уг роботыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилт тавьсан байна.

Өмнөд Солонгосын гал түймэртэй тэмцэх үндэсний газар Hyundai Rotem олон зориулалттай, жолоочгүй автомашины платформыг ийм зориулалтаар өөрчлөн хөгжүүлэх саналыг анх Hyundai Motor компанид тавьж байжээ.

Робот машины туршилтын загварыг ирэх оны эхний хагаст танилцуулахаар төлөвлөсөн байна.

Цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын тоо нэмэгдсэн нь барилга байгууламжийн доод давхрын зогсоолуудын гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлээд байгаа.

Өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр Сөүл хотын нэгэн орон сууцны доод давхрын зогсоолд Mercedes-Benz EQE цахилгаан хөдөлгүүрт автомашин шатсаны улмаас хэдэн зуун автомашин гал түймэрт хохирсон юм.

Цахилгаан автомашины батарей хэт их цэнэгтэй байснаас гал гарсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байв.

Үүний дараа Өмнөд Солонгосын засгийн газар 90 хувиас дээш цэнэгтэй батарей бүхий цахилгаан автомашиныг доод давхрын зогсоолд нэвтрүүлэхийг хориглох журам гаргасан юм.

 

Эх сурвалж: Yonhap News