Уншиж байна ...

Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч асан Трамптай уулзана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагт Нью-Йорк хотод Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар тохирсноо АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өчигдөр мэдээлжээ.

Зеленский өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нартай Вашингтонд уулзсан юм.

Харин Трампын хувьд өчигдрийг хүртэл Украины ерөнхийлөгчтэй уулзах төлөвлөгөөгүй байгаагаа хэлж байжээ.

Трамп болон түүний дэд ерөнхийлөгчийн сонголт Жэй Ди Вэнс нар аль аль нь АНУ-ын засаг захиргаанаас Украинд үзүүлж буй тусламжийг байнга эсэргүүцэн шүүмжилдэг.

“Украинд одоо юу болж байгааг ярихаас ичмээр. Асар их үхэл, асар их сүйрэл. Үнэхээр аймшигтай. Миний сэтгэлийг зовоож байгаа нэг зүйл бол АНУ-ын үзүүлж буй тусламжийн багахан хувийг Европын орнууд гаргаж байгаа явдал. Орос, манай улс хоёр далайгаар тусгаарлагддаг. Гэтэл тэд тэгдэггүй” гэж Трамп өчигдөр сонгогчидтой уулзахдаа хэлжээ.

Өчигдөр Цагаан ордонд Зеленскийтэй уулзах үеэрээ ерөнхийлөгч Байден $8 тэрбум орчмын шинэ тусламжийн багцыг зарласан юм.

Зеленский үүнийг “том дэмжлэг” хэмээн сайшаажээ.

Энэ удаагийн багцад Joint Standoff Weapon хэмээх шинэ алсын тусгалын зэвсэг багтсан байна.

“Нэг зүйлийг би тодорхой хэлмээр байна. Энэ дайнд Орос ялахгүй. Украин ялах болно. Бид алхам тутамдаа Украиныг тууштай дэмжих болно” гэж Байден энэ үеэр хэлжээ.

Есдүгээр сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр Украиныг дайнд ялуулахыг хүсэж байгаа эсэхийг нь хоёр ч удаа асуухад Трамп хариулахаас зайлсхийж, “Би дайныг зогсоохыг хүсэж байна” гэхээс өөр зүйл хэлээгүй юм.

Ням гарагт The New Yorker сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Зеленский “Миний бодлоор Трамп дайныг яаж зогсоохоо мэдэхгүй байна. Өөрийгөө чадна гэж бодож байгаа ч мэдэхгүй байх шиг байна” гэж хэлсэн юм.

Тэр бас Трампын дэд ерөнхийлөгчийн сонголт Жэй Ди Вэнсийг “хэт радикал байна” гэж шүүмжилж байжээ.

Лхагва гарагт Вэнс үүнд хариу мэдэгдэхдээ “Зеленский энэ улсад ирээд Америкийн татвар төлөгчдөд юу хийхийг зааж буй нь надад таалагдахгүй байна” гэсэн юм.

Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрис эсрэгээрээ Байдены засаг захиргааны бодлогыг үргэлжлүүлж, Украиныг тууштай дэмжихээ амлаж байна.

“Манай улсад Украиныг газар нутгийнхаа ихээхэн хэсгийг өгөх, төвийг сахисан байр суурь баримтлах, Украиныг бусад улстай аюулгүй байдлын асуудлаар харилцахаа зогсоохыг шаарддаг зарим хүмүүс байна. Эдгээр нь Путиний санаархалтай адил бөгөөд хэзээ ч хүлээн зөвшөөрөх ёсгүй аюултай санаанууд юм” гэж Харрис уулзалтынхаа өмнө мэдэгджээ.

Тэрбээр ингэхдээ өрсөлдөгч Трампыг хэлсэн нь тодорхой байна.

Цагаан ордны мэдээлснээр Байден, Зеленский нар аравдугаар сард Германд дахин уулзах гэнэ.

 

Эх сурвалж: NBC News