Уншиж байна ...

Хятадын шинэ шумбагч хөлөг угсралтын үе шатандаа живснийг АНУ-ын албаны эх сурвалж мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын хөгжүүлж буй цөмийн хөдөлгүүртэй шинэ шумбагч хөлөг үйлдвэрлэлийн явцад живснийг АНУ-ын албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

Энэ нь Zhou ангиллын анхны довтолгооны шумбагч хөлөг юм.

Ухань хотын ойролцоох үйлдвэрт угсрагдаж байсан хөлөг эргийн зогсоолд байхдаа живсэн юм байна.

Маневрлахад хялбар болгох зорилгоор Х хэлбэртэй бүтээгдэж буй хөлөг хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын 10-ны өдөр боомтын зогсоолд байсныг Maxar Technologies компанийн хиймэл дагуулаас авсан зураг харуулжээ.

Харин зургаадугаар сард авсан зураг дээр шумбагч үзэгдэхгүй болж, эрэг дээр олон тооны өргөгч машинууд байрласан нь харагдсан байна.

“Цөмийн хөдөлгүүртэй шинэ ангиллын довтолгооны шумбагч хөлөг живснийг Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн хүчнийхэн нууж байгаа нь гайхах зүйл биш” гэж АНУ-ын батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлжээ.

Хятадын хөлөг онгоцны үйлдвэрүүдийн ажиллагааг хиймэл дагуулын зургаар байнга ажиглаж байдаг Center for a New American Security хүрээлэнгийн ахлах судлаач Том Шугарт дээрх өөрчлөлтийг хамгийн анх илрүүлсэн юм байна.

“Би ийм олон өргөгч тухайн газарт байрлаж байсныг өмнө нь огт харж байгаагүй. Ихэнхдээ шинэ шумбагч хөлгийг үйлдвэрээс гаргахаасаа өмнө эргийн усанд хэдэн сарын турш байрлуулж, гадаад тоноглолыг нь угсардаг юм. Гэтэл энэ шатандаа тус хөлөг алга болсон байна” гэж Шугарт тайлбарлажээ.

Бээжингийн эрх баригчид Хятадын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн зэвсэгт хүчний байлдааны чадавхыг АНУ-тай ижил түвшинд хүргэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа.

2023 оны Хятадын батлан хамгаалах яамны тайланд өгүүлснээр одоо тус улс баллистик пуужин харвах чадвартай зургаан ширхэг цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг, довтолгооны зургаан ширхэг цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг, довтолгооны 48 ширхэг дизель хөдөлгүүрт шумбагч хөлөгтэй юм.

Харьцуулбал АНУ-ын тэнгисийн зэвсэгт хүчин түргэн довтолгооны 53 шумбагч хөлөг, баллистик пуужин харвагч 14 шумбагч хөлөг, залуурт пуужин харвагч дөрвөн шумбагч хөлөгтэй бөгөөд эдгээр нь бүгд цөмийн хөдөлгүүртэй байдаг.

The Wall Street Journal сонинд анх нийтлэгдсэн дээрх мэдээллийн талаар Вашингтонд суугаа Хятадын элчин сайдын яамнаас тодруулахад “Бид таны асуусан зүйлийн талаар сайн мэдэхгүй бөгөөд одоогоор өгөх ямар нэг мэдээлэл бидэнд алга байна” гэж хариулжээ.

CRS (Congressional Research Service) байгууллагын тооцоолсноор Хятад улс 2025 онд 65, 2035 онд 80 шумбагч хөлөгтэй болох үйлдвэрлэлийн хүчин чадалтай гэнэ.

Байлдааны хөлөг онгоцны тоогоор Хятадын тэнгисийн зэвсэгт хүчин дэлхийд тэргүүлдэг. Хятадын Ардын Чөлөөлөх Арми одоо нийт 370 тэнгисийн хөлөгтэйн 234 нь байлдааны хөлөг юм.

Харьцуулбал АНУ-ын тэнгисийн флот 219 байлдааны хөлөгтэй.

АНУ-ын эрх баригчид урт хугацаандаа Хятад улсыг өөрийн аюулгүй байдлын “гол сорилт” болно гэж үздэг.

 

Эх сурвалж: CNN