Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т шалгуулахаар өгч буй талаар Зөгий.мн сайтын сэтгүүлч Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн наймдугаар сард Говь-Алтай аймгийн удирдлагууд Элсэлтийн Шалгалт (ЭШ)-д амжилттай оролцсон сурагч, багш нарыг шагнаж урамшуулах далимд сумын Засаг дарга болон сургуулийн захирлуудад мөнгөн урамшуулал олгож байгаа асуудал цахим сүлжээнд тавигдаж олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Уг асуудлыг манай редакцын зүгээс тодруулж, есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан. Биднийг Говь-Алтай аймагт ажиллаж байх хугацаанд иргэд, нутгийн зон олны зүгээс олон мэдээллийг баримттайгаар манай редакцад ирүүлсэн.
Бүх асуудлыг нэгтгээд Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатаас тодруулж ажилласан.
Мэдээлэл тавигдсаны араас Говь-Алтай аймгийн Засаг даргын зүгээс есдүгээр сарын 5-нд Засаг даргын Тамгын газрынхаа цахим хуудсаар манай редакц болон намайг хуулийн байгууллагад шалгуулах мэдэгдлийг гаргасан байдаг.
Тухайн мэдэгдлийн дагуу өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймгийн цагдаагийн байгууллагаас манай редакцтай тухайн асуудлаар тайлбар мэдүүлэг авах чиглэлээр холбогдсон. Бид мэдээ мэдээллээ бэлтгэхдээ тодорхой баримт дээр тулгуурлаж олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд мэдээллийг бэлтгэсэн. Гэвч аймгийн Засаг даргын гомдлоор сэтгүүлч намайг Говь-Алтай аймгийн даргын нэр төрд халдсан, өрөөнд зөвшөөрөлгүй орсон хоёр үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа.
Тийм учраас миний зүгээс тухайн нэвтрүүлгийг бэлтгэх явцдаа ашигласан баримт материалаа Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгөх гэж байна" гэв.
Мөн "Бид Говь-Алтай аймагт дараах асуудлыг тодруулж ажилласан.
Сурлагын чанараа ахиулсан сурагчдыг урамшуулахыг үгүйсгээгүй. Яагаад миний хүүхэд онц сурсны төлөө өөр нэг хүн хоёр дахин илүү мөнгөн урамшууллыг хувийн дансаараа авч байна вэ гэдгийг тодруулсан юм" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!