Уншиж байна ...

Вассиллас Фрагкиас: 2026 оны Азийн наадамд оролцох Монголын баг бүрэлдэхүүнийг бэлдэж эхэлнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 14 цаг 19 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Сагсан бөмбөгийн Холбоо (МСБХ)-ноос "Ball in School" төсөл болон Монголын шигшээ багийн талаар мэдээлэл өглөө. 

Энэ талаар МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал "Гурван насны шигшээ багийг байгуулахаар төлөвлөж байна. Тодруулбал 20, 18, 16 хүртэлх насны шигшээ багийг байгуулна. Түүнчлэн 11-15 насны шигшээ багийг клуб, сургуультай хамтран ажиллахаар төлөвлөсөн.

Дасгалжуулагч бэлдэх тал дээр өнгөрсөн жилээс Монголын дасгалжуулагчдын холбоотойгоо хамтраад FIBA-гийн дасгалжуулагчдын сургалт явуулах эрхтэй багштай хамтраад "С" зэрэглэлийн сургалт зохион байгуулж эхэлсэн. Үүнийгээ үргэлжлүүлнэ. Тухайлбал хоёр долоо хоногт нэг удаа багш нарын сургалтыг зохион байгуулна. Энэ сургалтаас сагсан бөмбөгийн "A", "B", "C" ангиллын зэрэглэл олгоно. Энэ эрхийг авсан багш нар хүүхдүүдтэй ажиллах албан ёсны эрхтэй болно.

 

Энэ сургалтыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч грек мэргэжилтэн Вассиллис Фрагкиас удирдаж явуулна. Уг сургалтыг хоёр жилийн хугацаанд явуулахаар манай холбоо өнгөрсөн долдугаар сард гэрээ байгуулсан" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос үйл ажиллагаа явуулдаг сантай хамтраад "Азийн залуу сагсан бөмбөгийн манлайлагч" хөтөлбөрт н.Төгөлдөр, н.Булган гэх хоёр тамирчнаа оролцуулсан. Мөн FIBA болон АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтраад тивийн шилдгүүдтэй хамт хөтөлбөрт хамрагдсан. 

Өнгөрсөн долоо хоногт Австралид болсон хөтөлбөрт манай 18 хүртэлх насны шигшээ багийн тамирчин н.Балжинням хамрагдсан гэдгийг тодотгоё"гэв.

Үүний дараа шигшээ багийн ахлах дасгалжуулагч Вассиллис Фрагкиас "Өнгөрсөн жил лиг дууссаны дараа шигшээ багт ажиллах санал ирсэн. Ямар нэгэн улсад сагсан бөмбөгийн соёлыг суулгах нь надад таатай санагддаг. Энэ ажлыг хийх болсон гол шалтгаан нь энд сагсан бөмбөг сонирхогчид их олон байгааг анзаарсан юм.

Хүүхэд байхаас нь өгсүүлээд насанд хүртэл нь сагсан бөмбөгийн суурь хүмүүжлийг олгодог Европын сагсан бөмбөгийн жишгээр энд ажиллах болно. Тиймээс сагсан бөмбөгт дуртай 11-15 насны хүүхдүүдийг бүх аймгуудаас авчирч, цугларалт зохион байгуулна. Ингээд 16, 18, 20 хүртэлх насны шигшээ багийг бүрдүүлэх эхний алхмаа хийх юм.

Эндээс гарч ирсэн шилдгүүдээр үндэсний шигшээ багийг бүрдүүлнэ. Нэгдсэн хуваарийн дагуу алхам алхмаар урагшилна. Эндээс шалгарсан бүрэлдэхүүнээр 2026 оны Азийн наадамд оролцох шигшээ багийг бүрдүүлнэ" гэж онцоллоо.