Уншиж байна ...

Г.Ууганбаатар: Асрамжийн газрын ахмадууд тэтгэврийнхээ 70%-ийг өөрийн дураар бүрэн зарцуулж чадаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 13 цаг 51 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний Эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/-оос энэ онд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй ахмадын асрамжийн газруудад хяналт шалгалт хийж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өглөө. 

Улсын хэмжээнд Төв, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод, Дорноговь аймгуудад улсын болон орон нутгийн санхүүжилттэй найман асрамжийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Үүнээс гадна олон улсын болон хувийн санхүүжилттэй ахмадын асрамжийн газрууд Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. 

Одоогийн байдлаар Баян-Өлгий, Дорноговь, Хөвсгөл, Увс аймгийн ахмадын асрамжийн газруудад хяналт шалгалт хийж тухайн аймгуудын Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлжээ. 

Улсын болон орон нутгийн санхүүжилттэй асрамжийн газруудад дараах нийтлэг асуудлууд байгаа талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээллээ. 

  • Байр, орон сууцны хүртээмж хангалтгүй байна. Шинээр барихаас гадна засвар үйлчилгээг тогтмол хийх хэрэгтэй байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй ахмад настнуудын амьдрах таатай орчин бүрдээгүй асрамжийн газрууд ч байна. 
  • Ахмад настнуудын бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, хангалтгүй байна. 
  • Асрамжийн газарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан багаж, тоног төхөөрөмж, эмийн хүрэлцээ хүртээмжгүй байна. 
  • Сэтгэл заслын үйлчилгээ авах нөхцөл байхгүй байна. Сэтгэлзүйчийн орон тоо байхгүй, байсан ч сэтгэлзүйн засал үзүүлэх нөхцөл бүрдээгүй байна. 
  • Ахмадуудын хоол хүнсний чанарт онцгой анхаарах шаардлагатай байна.
  • Ахмадын асрамжийн газруудад зарим тохиолдолд цөөн тооны хяналтын камер ажиллаж байгаа боловч асруулагч нарын өрөөнд байрлах, хувийн мэдээлэлд хэт нээлттэй байх зэрэг өнцгөөр байршуулсан камерууд байсан. 
  • Асруулж буй ахмадуудын тэтгэврийн 30 хувийг ахмадын асрамжийн газрууд үйл ажиллагаандаа зарцуулж байгаа. Үлдсэн 70 хувийг нь тухайн ахмад настан өөрийн дураар бүрэн зарцуулж чадаж байна уу гэх асуудал дээр тогтмол хяналт тавих шаардлагатай гэж үзсэн.