Уншиж байна ...

Японы хамгийн удаан амьдарсан цаазын ялтны хувь заяа өнөөдөр шийдэгдэнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 19 минут
iKon.MN
Зураг зураг

Японы төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн удаан цаазын ялтай амьдарсан хүний хувь заяа өнөөдөр шийдэгдэх гэж байна.

Өнөөдөр тус улсын шүүх 88 настай Ивао Хакамадаг цаазлах, эсвэл цагаатгах эцсийн шийдвэрээ зарлахаар болжээ.

Боксчин асан Хакамада 1966 онд өөрийн захирлыг эхнэр, өсвөр насны хоёр хүүхдийнх нь хамт алсан хэргээр 1968 онд шүүхээс цаазын ял сонсож байсан юм.

Гэвч сүүлд мөрдөн байцаагчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, хэргийг хүчээр хүлээлгэсэн байж болзошгүй гэх асуудлууд сөхөгдөж, цаазын ялыг гүйцэтгэх хугацаа хойшилсоор иржээ.

1980 онд Японы дээд шүүх Хакамадагийн цаазын ялыг дэмжсэн шийдвэр гаргасан ч өмгөөлөгчид, ар гэрийнхэн нь эсэргүүцсээр олон жил өнгөрсөн юм.

Улмаар 2014 онд хэргийг дахин шүүх шийдвэр гарч, Хакамадаг шоронгоос суллаж байв. Гэвч хуулийн маргаан, прокуроруудын эсэргүүцэл зэргийн улмаас дахин шүүх хурал өнгөрсөн онд л эхэлсэн байна

зураг
 

Хакамада эхэндээ хохирогчдыг дээрэмдээд амийг нь хөнөөснөө няцааж байсан ч сүүлд хэргээ хүлээсэн юм. Хожим тэр мөрдөн байцаагчид өөрийг нь эрүүдэж, хэргийг хүчээр хүлээлгэсэн нууцыг дэлгэж байжээ.

“Бид урт удаан хугацааны турш уйгагүй тэмцлээ. Гэхдээ энэ удаа зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Хакамадагийн 91 настай эгч Хидеко өнгөрсөн долдугаар сард хэвлэлд ярьж байв.

2018 онд Хакамада цаазын ял сонссоноосоо хойш “өдөр бүр тулалдахаар дэвжээнд гарч байгаа мэт” амьдарч ирснээ хэвлэлд ярьж байжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудаас АНУ-аас гадна Япон улс л цаазын ялыг хэрэгжүүлсэн хэвээр байгаа. Олон нийт ч үүнийг дэмждэг.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хугацаанд Японд нийт дөрвөн цаазын ялтны хэргийг дахин шүүж, бүгд цагаадаж байжээ. Хакамадагийн хэрэг тав дахь нь болж байна.

 

Эх сурвалж: AFP