Уншиж байна ...

Финланд улсад бэлэглэсэн панда баавгайнуудыг санхүүгийн хүндрэлийн улмаас Хятадад буцаахаар болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг

Хятад улсаас бэлэглэсэн хоёр панда баавгайн арчлах зардлыг дийлэхгүй болсон тул Финландын амьтны хүрээлэн хугацаанаас нь өмнө буцаахаар болжээ.

Хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 онд Хятад улс Люми, Пири нэртэй хоёр пандаг 15 жилийн хугацаатай Финландын амьтны хүрээлэнд зээлээр өгч байсан юм.

Гэвч пандануудыг хүлээн авсан Эхтяри амьтны хүрээлэн энэ оны арваннэгдүгээр сард тэднийг эх оронд нь буцаахаар болжээ.

Ингэх болсон шалтгаанаа цар тахлын үед үүссэн өр, инфляцын өсөлт зэргийн улмаас зардал хэтэрсэнтэй холбон тайлбарласан байна.

Бас пандануудыг арчлахад жил бүр 1.5 сая евро, тэдгээрийн орон байр, хашаанд 8 сая евро зарцуулснаа мэдээлжээ.

Жилийн 1.5 сая евро нь бусад бүх амьтдын зардлыг нийлүүлснээс ч өндөр болохыг тус хүрээлэнгийн мэргэжилтэн Марко Хайкоски тайлбарласан байна.

Үүнд пандануудыг 24 цаг харах манаач, Хятадын талд төлөх түрээс, хулсны импорт зэрэг зардал багтжээ.

Өнгөрсөн онд амьтны хүрээлэн Финландын засгийн газраас санхүүжилт авах гээд бүтээгүй нь ийм шийдвэр гаргахад бас нөлөөлсөн байна.

Засгийн газар анх панданууд олон хүний сонирхлыг татаж, амьтны хүрээлэн олсон орлогоороо зардлаа нөхөх боломжтой гэж тооцоолж байжээ. Люми, Пири нар удахгүй нэг сарын хугацаанд тусгаарлагдах (карантин) ба дараа нь Хятад руу ачигдах юм байна.

Финландын гадаад хэргийн яам пандануудыг буцаах болсон нь засгийн газарт хамаагүй, цэвэр бизнесийн байгууллагын шийдвэр гээд энэ нь хоёр улсын харилцаанд нөлөөлөхгүйг мэдэгджээ.

Финланд дахь Хятад улсын элчин сайдын яам талууд пандануудыг үлдээх бүх боломжийг дайчилсан ч эцэст нь буцаах шийдэлд хүрснээ мэдээлсэн байна.

Хятад улсын засгийн газар гадаад худалдаа, соёлын харилцаагаа өргөтгөх, улс орныхоо имижийг өргөх зорилгоор гадаад орнуудын амьтны хүрээлэнгүүдэд пандаг зээлээр өгдөг.

Энэ үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд “пандагийн дипломат бодлого” (panda diplomacy) гэх нэртэй болсон юм.

мөнхцэ

Эх сурвалж: BBC