Уншиж байна ...

Том хэмжээний астероидоос дэлхийг цөмийн зэвсгээр хамгаалж болохыг лабораторийн туршилт баталжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 10 цаг 11 минут
iKon.MN
Зураг зураг

Дэлхийтэй мөргөлдөх аюултай сансрын том биетийн эсрэг цөмийн зэвсэг ашиглаж болохыг хэсэг судлаачдын лабораторид явуулсан туршилт батлан харуулжээ.

Дэлхийг астероидын мөргөлтөөс хамгаалах боломжийг шалгах зорилготой бодит туршилтыг 2022 онд NASA гүйцэтгэж байсан юм.

Тухайн үед NASA-гийн хөргөгчийн хэмжээтэй Dart хөлөг 160 метрийн өргөнтэй астероидыг мөргөсний үр дүнд чиглэлийг нь өөрчилж байжээ.

Гэхдээ том хэмжээний астероидын аюулаас ийм аргаар сэргийлэх боломжгүй юм.

66 сая жилийн өмнө 10 км өргөн хэмжээтэй Чиксулуб нэртэй астероид өнөөдрийн Мексикийн Юкатаны хойгийг мөргөхдөө асар том гамшиг учруулж, үлэг гүрвэлийн ертөнцийг устгасан гэдэг.

Хүн төрөлхтөн дахин ийм гамшигтай тулгарахаас урьдчилан сэргийлэх арга замыг хайсаар ирсэн юм.

Одоогоор дэлхийтэй ямар нэг сансрын биет мөргөлдөх аюул харагдахгүй байгаа ч эрдэмтэд хамгаалах боломжийг судалсаар байна.

Тэгвэл 1998 оны “Armageddon” кинонд гардаг шиг астероидыг цөмийн зэвсгээр устгах боломжийг АНУ-ын хэсэг эрдэмтэд лабораторийн орчинд туршиж, үр дүнг нь энэ долоо хоногт Nature Physics сэтгүүлд нийтлүүлжээ.

Ингэхдээ тэд энэ онолыг батлахын тулд лабораторид жижгэрүүлсэн загвар ажиллуулсан юм байна. Тухайлбал ердөө 12 мм-ийн хэмжээтэй хиймэл астероидыг Нью-Мексико мужийн Албукерке дахь Сандиа Үндэсний Лабораторид байдаг дэлхийн хамгийн том рентген туяаны (X-ray) машинаар бөмбөгджээ.

Уг машин нь 80 их наяд ватт эрчим хүчээр дэлхий дээрх хамгийн хурц туяаг үүсгэх чадвартай юм байна.

Цөмийн дэлбэрэлтийн үед үүсдэг эрчим хүчний ихэнх хэсэг рентген туяа хэлбэртэй байдаг.

Сансрын уудамд агаар мандал байхгүй тул цөмийн дэлбэрэлт нь цохилтын долгион, галт бөмбөлөг үүсгэхгүй ч астероидод хүчтэй физик нөлөө үзүүлэх боломжтой гэнэ. Туршилтын үеэр рентген туяа хиймэл астероидын гадаргууг амархан ууршуулж байжээ.

Уг ууршилт нь астероидыг эсрэг чиглэлд хөдөлгөж, пуужингийн хөдөлгүүр мэт ажиллаж эхэлснийг туршилтыг удирдсан Натан Мүүр тайлбарласан байна.

Ингэж эсрэг чиглэлд түлхэгдсэн астероидын хурд 250 км/цаг буюу хурдан галт тэрэгнийхтэй ижил байсныг тэр мэдээлжээ.

Эрдэмтэд туршилтынхаа үр дүнг томсгосон загвар дээр тооцоолоход 4 км хүртэл өргөнтэй астероидын чиглэлийг цөмийн дэлбэрэлтээс бий болсон рентген туяа өөрчилж чадна гэсэн дүгнэлт гарчээ.

Ирээдүйд дэлхийг хамгаалах сансрын хөлөгтэй болбол астероидыг дэлхийгээс олон сая километрийн алсад байхад нь ийм аргаар буцаах боломжтой гэж Мүүрийн баг үзэж байна.

 

Эх сурвалж: AFP