Уншиж байна ...

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад арга хэмжээ авхуулах хүсэлт гаргажээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 8 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намаас УИХ-д жагсаалтаар сонгогдсон М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас Ёс зүй, дэгийн байнгын хороонд гаргажээ.

Тус албан бичигт дурдсанаар "2024 оны наймдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна. 

Түүнчлэн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш удаа дараа шууд дамжуулалт хийн бараа сурталчилсан тул УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Баасандорж долдугаар сарын 31-ний өдөр түүний албан өрөөнд очиж уулзан, гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, хориглосон үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгсөн. 

Мөн "Монгол Улсын Их Хурлын гишүүн албаны болон хувийн журмаар гадаад улс руу явахдаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-д даргад мэдэгдэнэ" гэдэг заалт бүхий журам бий. Гэтэл М.Нарантуяа-Нара нь ямар нэгэн хүсэлт гаргалгүйгээр БНХАУ-д зорчиж, олон нийтийн сүлжээн дэх хаягаар сурталчилгаа явуулжээ. Улмаар наймдугаар сарын 16, 19-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй байна. 

Иймд холбогдох арга хэмжээг авна уу" хэмээн албан бичигт дурдсан байна. 

зураг
 
зураг