Уншиж байна ...

Ц.Мөнхтуяа: Төрийн албан хаагчдын улс төрийн эрхийг нээх боломжтой юу Хууль зүйн сайд аа?

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 8 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын нийгмийн асуудлын талаар асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "Боловсролын салбарт ажиллаж байгаа 100 гаруй мянган багшийн нийгмийн асуудалтай холбоотой таван асуулт асууя.

Багшийн цалин одоо 200-400 ам.долларын хооронд маш бага байна. Энэ Засгийн газрын үед багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэх боломж байгаа юу. Мөн багш нарын орон сууцны асуудал маш хүнд байдаг. Орон сууц болон цалин нэмэх асуудлыг энэ Засгийн газрын хугацаанд анхаарах боломж байгаа юу гэдгийг Ерөнхий сайдаас асууя.

Монголын багш нарын 80-90 хувь нь хэрэв өөрөө хүсвэл тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгоё гэдэг асуудлыг удаа тавьж байсан. Гэвч энэ асуудлыг Боловсролын ерөнхий хуульд огт оруулаагүй. Энэ дээр багш нар маш их гомдолтой байгаа. Хоёрдугаарт, багш нарын мэргэжлээс шалтгаалах өвчлөл, эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийх боломж байна уу гэдгийг Л.Гантөмөр сайдаас асууя.

Хамгийн сүүлийн асуулт буюу төрийн албан хаагчдын улс төрийн эрхийг хааж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрхүүдийг 2017 оноос хойш хаасан. Үүнийг эргүүлж өөрчлөх боломж байна уу гэдгийг Хууль зүйн сайдаас асууя" гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нараа бүх талаар дэмжих чиглэлд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжинэ. Цалингийн тухайд бидэнд хоёр л зам байгаа. Нэгдүгээрт, боловсролын салбар урсгал зардлаа хэмнэж чадвал багш нарын цалинг нэмнэ. Хоёрдугаарт, багш нарын цалинг дангаар салгаж аваад нэмдэг байж болохгүй. Харин нийт төрийн албан хаагчдын цалинг ярих боломжтой. Тиймээс төрийн албан хаагчдын тоог багасгаж, давхцлыг арилгаж байж, цөөн чанартай хүн өндөр цалинтай ажиллах реформыг хамтдаа хийнэ.   

Ер нь цалинтай холбоотой асуудлыг гишүүд ингэж хамаагүй ярьж болохгүй. Багш, эмч нар бусад мэргэжлийнхэнтэй адилхан л байх ёстой. Салбарын хууль дээр цалингийн асуудлыг шийддэг, цалин нэмсэн сайдыг хамгийн сайн сайд гэдэг асуудал бол чөтгөрийн тойрог шүү.

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр: Миний байр суурь Ерөнхий сайдтай адил байгаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудлыг тогтолцоогоор нь эргэж харах шаардлагатай байна. Одоогоор ерөнхийд нь тэгшитгээд явж байна. Эрүүл мэнд, боловсролын салбар үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоонд шилжсэн. Тиймээс сайн багш, сайн эмч хамгийн өндөр цалин авдаг болгохын төлөө л урагшлах ёстой.

Хууль зүйн сайд О.Алтангэрэл: Одоогийн Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч улс төрийн болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь хориотой. Гэхдээ бид үүнийг эргэж харах цаг болсон. Ялангуяа академик болон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг болон дунд сургуулийн багш нарт аль эрхийг нь нээж өгөх вэ гэдгээ бодох ёстой. Гэхдээ бидэнд хүрээ, хязгаар бас байх ёстой. Таны саналыг анхаарч тусгах болно.