УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Засгийн газар, яам, агентлагуудыг Улаанбаатар хотоос гаргаад Богд уулын урд шилжүүлэх зорилтыг тусгасан юм байна. Хэрэв энэ хүрээнд зарим яам, агентлагийн байр сулрах бол иргэний нийгмийн байгууллагуудыг байраар хангаж, үйл ажиллагааг нь дэмжих боломж байна уу. Яг ийм жишиг ХБНГУ-д байдаг.
Мөн Улаанбаатарт хуучны үйлдвэрийн одоо ашигладаггүй барилга байшин бий. Тэдгээр байруудад урлаг соёлыг дэмжих инкубатор төв ажиллуулах боломж байна уу.
Иргэн рүү чиглэсэн, хүний хөгжлийг дэмжсэн төвүүд байгуулах хэрэгцээ Монгол бий.
1.7 сая орчим хүн төвлөрсөн Улаанбаатар хотод хонуулах байр байдаггүй. Гэр оронгүй, янз бүрийн хамааралд авсан хүмүүсийг хонуулах байр шаардлагатай байна" гэдгийг тодрууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн Засгийн газрын хотоос гарахыг дэмжиж байгаад баяртай байна. Төр захиргааны байгууллагууд Их тойруу дотор байх ёстой гэж үзээд эндээ хашигдсан.
Манайх шиг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчтэйгөө нэг байшинд, референтүүд нь холилдоод суучихсан, өдрийн хоолон дээр бүгд тааралддаг, гүйцэтгэх засаглал, хэвлэл мэдээллийнхэн, албаны дарга нар нэг хуушуурын гуанзанд ороод байж байдаг улс хаана ч байхгүй.
Тиймээс эрх мэдлийн хяналт тэнцлийн дагуу салах ёстой. Ингэхийн тулд зориг гаргаад Засгийн газрын ордныг нүүлгэх хэрэгтэй. Утаанаас зугтаад явлаа гэдэг улс төр хийгээд хэрэггүй. Тэгэхгүй бол энэ янзаараа байгаад л байх юм байна.
Хүний хөгжлийн чиглэлээр хувийн хэвшлийг дэмжих асуудлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Хэрэв хувийн хэвшил музей, театр, номын сан, соёлын үйлчилгээ, фитнес, спорт цогцолбор, зуслан барих юм бол орлогын албан татвараас нэг хувь хүртэл чөлөөлье гэж байгаа юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!