Уншиж байна ...

ТОДОТГОЛ: Хамтарсан Засгийн газрын сайд нар татвар төлөгчдөөс ₮1.9 их наядыг төсөвтөө нэмж авна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газар энэ долоо хоногт 2024 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан ээлжит бус чуулган хуралдаж, нэн яаралтай горимоор хэлэлцэж байгаа юм.

МАН-ын 13, АН-ын найм, ХҮН намын хоёр сайдаар танхимаа бүрдүүлж, хамтарсан Засгийн газар байгуулсан ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны төсвийн тодотголоор аль сайдад хэдэн төгрөг нэмж хуваарилж байгаа мэдээллийг хүргэе.

Сонгуулиас өмнөх Засгийн газар 17 яам, 22 сайдтай ажиллаж байсан. Харин сонгуулийн дараах хамтарсан Засгийн газар 17 яам, 23 сайдтайгаар ажиллаж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд манай улс түүхэндээ хамгийн өндөр буюу 27.4 их наяд төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа. Гэвч хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага үүссэн учраас ерөнхий сайд төсвөө өөрчлөхөөр боллоо.

Өнөөдрийн байдлаар төсөв буюу төрд байгаа мөнгийг татвар төлөгчдийн өмнөөс ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй 39 сайд, дарга нар байна. Үүнд Засгийн газрын 23 сайд болон Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ тэргүүтэй төрийн томоохон 16 байгууллагын дарга нар багтдаг.

Үүнээс зөвхөн хамтарсан Засгийн газрын сайд нарын зардал хэрхэн нэмэгдэх мэдээллийг хүргэе. Учир нь ШЕЗ, ҮХЦ, ҮСХ, ТАЗ гэх мэт 14 байгууллагын төсвөөс тусгагдсан зардалд өөрчлөлт ороогүй байгаа юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Одоогийн засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж буй зургаан сайдын харьяа байгууллагууд улсын төсөвт орлого төвлөрүүлдэггүй. Үндсэндээ улсын төсвөөс зардал гаргаж үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд зөвхөн мөнгө авдаг гэсэн үг.

Орлогогүй гэж болох тус зургаан сайд нийтдээ 255 тэрбум төгрөгийг хуучин төсөв дээрээ нэмж авч байгаа юм. Ингэснээр энэ удаагийн тодотголын дараа тэд төсвөөс 1.6 их наяд төгрөгийн зардал гаргана. Нэг ч төгрөгийн орлого оруулахгүй.

Түүнчлэн УИХ-ын дарга 2024 оны улсын төсөвт 100 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, 132 тэрбум төгрөгийн зардал гаргах ёстой байжээ.
Харин төсвийн тодотголоор орлогоо нэмээгүй бөгөөд зардал нь 10 тэрбумаар өссөн. Ийнхүү энэ онд улсын төсвөөс нийтдээ 142 тэрбум төгрөгийн зардал гаргахаар болсон байна.

Ерөнхий сайд төсөвт төвлөрүүлэх орлогоо 542 тэрбум төгрөгөөр бууруулж, зардлаа 44 тэрбум төгрөгөөр өсгөжээ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 онд батлагдсан хуулиар ерөнхий сайд 648 тэрбум төгрөгийн орлогыг харьяа байгууллагуудаараа дамжуулан төсөвт төвлөрүүлэх ёстой байсан.

Гэтэл энэ удаад өргөн барьсан төсвийн тодотголоор ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсөвт төвлөрүүлэх ёстой орлогоо 105 тэрбум төгрөг болгож, бууруулжээ. Харин зардлын хэмжээгээ 44 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Ерөнхий сайдын төсөвт төвлөрүүлэх орлогын дийлэнх буюу 644 тэрбумыг түүний харьяа Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газар бүрдүүлэх ёстой байсан. Үүний 520 тэрбум төгрөгийг Ирээдүй өв сан руу шилжүүлэх ёстой байжээ. 

Гэхдээ уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбараас ерөнхий сайд 499 тэрбум, Сангийн сайд 789 тэрбум буюу нийт 1.2 их наяд төгрөгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэхээр тооцоолол гарсан байна.

Тэгвэл Зам, Тээвэр Хөгжлийн сайд 175 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж байсан болов ч тодотголын дараа 105 тэрбум болж буурлаа.

Харьяа байгууллагуудаараа дамжуулан төсөвт хамгийн их буюу орлого оруулдаг нь Сангийн яам.

Тэд 2024 оны хуучин төсөвт 18 их наяд 181 тэрбум төгрөгийн орлого оруулахаар байсан бол тодотголын дараа 600 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэх ёстой болжээ. Ингэхдээ татвар төлөгчдөөс ₮467 тэрбумын орлогыг төвлөрүүлнэ хэмээн тооцоолсон байна.

Хамтарсан Засгийн газрын сайд нар улсаас 1.9 их наяд төгрөгийг төсөвтөө нэмж авна

"Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын сайд нарын энэ оны улсын төсвөөс санхүүжих зардлын хэмжээ 22.5 их наяд төгрөг болж, хоёр их наядаар өссөн үзүүлэлттэй байна. 

Тухайлбал Сангийн сайд 2024 оны хуучин төсвөөс 4.5 их наядын зардлыг гаргах ёстой байсан. Гэвч төсөвт тодотгол хийснээр зардал нь нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд гадаадын зээл тусламжаас санхүүжих зардал 984 тэрбум төгрөг болж, өсжээ.

Улсад орлого оруулдаггүй Эрчим хүчний сайд өөрийн зардалдаа 134 тэрбум төгрөгийг нэмж авахаар болжээ. Үүний дийлэнх хувийг хөрөнгийн зардалд ашиглах аж.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн Хяналт, үнэлгээний үндэсний Хорооны дарга, 20 минутын хот-үндэсний хорооны дарга нарын зардалд улсын төсвөөс нийтдээ 130 тэрбум төгрөг гаргаж өгөхөөр төсөвлөжээ. Энэ нь хуучин төсвөөс ₮74 тэрбумаар өссөн мөнгөн дүн юм. 

Сонирхолтой нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд улсын төсөвт орлого төвлөрүүлдэггүй ч 430 тэрбум төгрөгийн зардлыг энэ онд гаргана. Мөн Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд орлогогүй ч зардлаа 574 тэрбум болгож, 31 тэрбумаар нэмэгдүүлжээ.

Харин Боловсролын сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын зардлыг 98 тэрбум төгрөгөөр танасан байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх графикаас шүүж үзэх боломжтой.

Өмнөговь аймаг улсын төсөвт 700 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэх ёстой болов

21 аймгаас долоо нь улсын төсөвт орлого төвлөрүүлдэг. Тус долоон аймгийн төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээ 1.1 их наяд төгрөг байсныг 450 тэрбумаар нэмэгдүүлж, 1.5 их наяд байхаар тооцоолжээ.

Үүнээс Өмнөговь аймаг 700 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт нэмж төвлөрүүлэх ёстой болсон аж. Харин Улаанбаатар болон Орхон аймгийн улсын төсөвт төвлөрүүлэх ёстой орлогын хэмжээг 252 тэрбумаар хассан байна.

2024 оны улсын төсвөөс орон нутгийн төсөвт 414 тэрбум төгрөг өгөхөөр тооцож байсан. Гэвч төсвийн тодотголоор энэ мөнгөн дүнг 45 тэрбумаар багасгаж, 368 тэрбумыг аймгуудад хувааж өгөхөөр болов. 

Үүнд Хэнтий, Завхан, Булган аймагт төсвөөс өгөх санхүүжилтийг хамгийн багаар буюу 300-800 сая төгрөгөөр танасан байна. Ингэснээр Хэнтий аймаг 38 тэрбум, Завхан 37 тэрбум, Булган 10 тэрбумын санхүүжилтийг 2024 оны улсын төсвөөс авахаар болж байна. 

Орон нутгийн төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зөвлөлөөс баталж, хуваарилан зарцуулдаг.