Уншиж байна ...

Эдийн засгийн уналтын айдас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүдийг огцом унагав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүд огцом унасан нь сүүлийн хоёр жил орчим хугацаанд гараагүй үзэгдэл боллоо.

АНУ-ын эдийн засаг уналтад орж болзошгүй гэсэн айдас түгшүүр үүссэний улмаас хөрөнгө оруулагчид үнэт цааснаас татгалзаж эхэлсэнтэй энэ нь холбоотой.

Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн АНУ-ын эдийн засгийн тааруу тоо баримтууд үүнд нөлөөлсөн юм.

Өчигдрийн уналтыг Apple, Nvidia компаниудын хувьцааны ханшийн уналт тэргүүлжээ.

Нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффетын Berkshire Hathaway компани өөрийн эзэмшлийн Apple компанийн хувьцааныхаа талыг зарсан тухай мэдээ үүнд нөлөөлсөн юм.

Үүний үр дүнд Berkshire Hathaway компанийн бэлэн мөнгөний нөөц $277 тэрбум болж эрс нэмэгджээ.

Өнгөрсөн сард Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өөрийн эзэмшлийн хувьцааны нэлээд хэсгийг зарсан тухай мэдээ өчигдөр бас тарсан юм.

Ингэснээр түүний энэ зуны турш зарсан хувьцааны орлого бараг $500 сая хүрсэн байна.

Тэрбээр хөрөнгийн зах зээлийн уналт эхлэхээс өмнө $322.7 саятай тэнцэх Nvidia компанийн хувьцаагаа зарсан нь АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны хорооны бичиг баримтаас ил болжээ.

Даваа гарагт Nvidia-гийн хувьцааны ханш 7 хувиар унаж, сүүлийн нэг сар орчмын хугацааны нийт уналтыг 20 орчим хувьд хүргэсэн юм.

Өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд болох S&P 500 2.98 хувь, Nasdaq Composite 3.38 хувь, Dow Jones Industrial Average 2.59 хувиар тус тус унасан байна.

Энэ удаагийн уналтын өмнө “Magnificient Seven” гэж нэрлэгдэх болсон Alphabet, Amazon, Apple, Meta, Microsoft, Nvidia, Tesla технологийн долоон компанийн хувьцааны ханш АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индексүүдийг түүхэн дээд хэмжээнд нь хүргээд байв.

Одоо хөрөнгө оруулагчид АНУ-ын төв банк бодлогын хүүг ирэх сард 50 нэгжээр бууруулах магадлал 92.5 хувь гэж үзэж байгааг CME компанийн FedWatch Tool тооцоолол харуулж байна.

Өнгөрсөн долоо хоногт энэ хувь ердөө 11 байсан юм.

 

Эх сурвалж: Reuters