Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Тус форумын “Хөгжлийн бодлого” хэлэлцүүлэгт Монгол Ардын Нам /МАН/, Ардчилсан Нам /АН/, Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/-ын дарга нар оролцов.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газар байгуулж, сөрөг хүчний намуудын дарга нар ямар яамыг хариуцах болсныг зарлалаа.
Хэлэлцүүлгийн модератор Ричард Кест “Тэгвэл сөрөг хүчин хэн байх вэ? Ардчилал байна гэдэг нь сөрөг хүчинтэй байхыг хэлдэг. Парламент дотор та бүхэн сөрөг хүчний үүргээ хэрхэн гүйцэтгэх вэ” гэдэг асуултыг АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нараас асуув.
Модераторын асуултад намуудын дарга нар хэрхэн хариулсныг товчлон хүргэе.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Сөрөг хүчин гэхээр манай уламжлалт ойлголтоор бүгдийг гацаах. Монголчууд тэр гацаалтаас их ханамж авдаг. Хүнийг унагаж, унахад нь алга ташиж баярладаг.
Одоо бол сөрөг хүчний имидж өөрчлөгдөж байгаа. Бид парламент дээр ч хяналт тавина, Засгийн газарт ч хяналт тавина.
Ардчилсан нам хуулийн салбарын шинэчлэлийг хийнэ. Аль нэг нь эрх баригч болоход сөрөг хүчин Хууль зүйн яамаа авдаг. Нэг үгээр хэлэхэд эрх баригчдын хажууд суугаад хяналтаа тавина. Сөрөг хүчний эрх нэг шат ахиж байгаа.
Сөрөг хүчин зөвхөн гацаадаг байсан бол одоо хяналт тавьж, ажил урагшлуулдаг сөрөг хүчин болж байна.
Хоёрдугаарт, Монголын асуудал хөгжсөн орны асуудлаас өөр юм. Монгол бол асар их ядуурал дунд байгаа улс. Үүнээс салах хэрэгтэй" гэв.
ХҮН намын дарга Т.Доржханд “Монгол Улс ардчилсан улс байхын тулд парламентын ардчилал байх ёстой. Тэнд хяналт, тэнцэл байх ёстой. Энэ агуулгаар парламент 126 гишүүнтэй болсон. Үүний 20 хүрэхгүй хувь нь Засгийн газарт орж байгаа юм. Тэгэхээр парламентын хяналт байна.
ХҮН намын хувьд хөгжлийн асуудал чухал. Тиймээс чадах зүйлээрээ оролцоод давхар хяналтаа тавиад явах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан.
Манай нам гадаад худалдаа, хөрөнгө оруулалт босгох, гаднаас мөнгө босгох асуудлыг хийнэ. Мөн орж ирсэн асуудлуудад хяналт тавиад явна. Тухайлбал, тендерийн хяналт, шударга өрсөлдөөний газар гээд бизнесийн орчин, стандартуудыг нь ХҮН нам тавиад явна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!