Төрийн ордонд болж буй Монголын эдийн засгийн форумын “Хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-д суудалтай намуудын дарга нар оролцож байна.
Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан Нам болон ХҮН намтай эвсэж, хамтрах болсон талаар мэдэгдлээ.
Тэрбээр “Энэ форумын дундуур Монгол Улсад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр улс төрийн намууд нэгдэж гарын үсэг зурах гэж байна. Бэлгэдлийг бодож морин цагт амжуулна.
“Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая” гэдэг тунхагт гарын үсэг зурна.
Хяналтын чиг үүрэгтэй функцуудыг сөрөг хүчиндээ өгч, хамтарч ажиллана. Ингэснээр бүтээмж илүү нэмэгдэнэ гэж үзсэн.
Худалдан авалтын хяналт, түүнтэй холбоотой бизнесийн монополи, тендерийн эрх зүйн баримт бичгийг бүхэлд нь ХҮН намтай ярилцаад, өөрсдөө засаасай гэж хүсэж байгаа. Худалдан авалт, гадаад худалдаатай асуудлыг ХҮН намд хариуцуулах саналыг тавьсан.
Мөн хувийн хэвшилтэй ажиллах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал төр – иргэний нийгмийн байгууллагын хамтрах ажиллах асуудал бүхэлдээ АН-д очиж байгаа.
Харин МАН ногоон эдийн засаг, Улаанбаатар хотын түгжрэл, эрчим хүчтэй холбоотой асуудлууд дээр төвлөрч ажиллах төлөвлөгөө гарсан байгаа.
Хамгийн их шүүмжлэл өрнүүлж байгаа асуудал дээрээ ажиллах боломжийг тухайн намд олгоё гэж бодож байгаа.
Жишээ нь, Л.Гантөмөр дарга маань Эдийн засаг, хөгжлийн сайд болно.
Өнөөдрөөс эхлээд Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газрын тогтолцоотой болж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!