Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Лодойсамбуу: Нийт сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд намтайгаа орж ирээд Засгийн газраа байгуулах гэж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 7 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлсэн үг, асуултыг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Ерөнхий сайдад хүмүүс баяр хүргээд амжилт хүсэх байх. Түүнээс нь өмнө энэ бол ерөөсөө баярт үйл явдал биш шүү гэдгийг сануулъя. Нийт сонгогчдын 62 хувь нь эсэргүүцсэн Ерөнхий сайд намтайгаа орж ирээд Засгийн газраа байгуулах гэж байна. Нийт сонгогчдын 62 хувь нь энэ Ерөнхий сайд биш гэдэг дүн тавьсан. Яагаад тэгсэн гэхээр ардчиллын индексээр бид сүүлийн гурван жилд огцом ухарсан. Өмчийн эрх, үг хэлэх эрх гэж байхаа больсон. Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө бас хойшоо үсэрсэн. Сэтгүүлчдийг худалдаж авах гэж оролдоод наймаанд нь орохгүй бол гүтгэж доромжлоод гэрт нь хорьж байна. Авлигын индексээр бас хойшоо үсэрсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг нэртэй хэдэн авлигачийн нэр л хэлсэн. Авлигатай тэмцэнэ гэдэг бол авлигын шалтгааныг, авлига үүсэх нөхцөлийг арилгахыг хэлнэ. Тэр хэсгээ орхисон.

Хар пиар хэтэрсэн гэж гишүүд хэлж байна. Үнэхээр сүүлийн хэдэн сар Монголын нийгмийг үзэл суртлын аргаар талцуулж хуваасан. Ер нь зорилгодоо хүрэхдээ ямар арга хэрэглэж байгаагаас хүний хандлага шууд харагддаг. Энэ бүхэн дээр чинь Монголын ард түмэн дүн тавьсан.

Одоо Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ. Одоогийн данхар бүтцээрээ явах уу. Эвсэж, хамтрахаас болоод улам томрох уу" хэмээн асуув. 

Энэ асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өөрийг тань парламентад орж ирсэнд баяртай байгаа. Яагаад гэвэл та төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн. Танд бүх мэдээллийг авах онцгой бүрэн эрх байгаа. Гаднаас харах, дотор орж ирээд хийх хоёрт нэлээн ялгаа бий шүү. Тийм учраас өөрөөс тань нэг зүйл хүсье. Үнэхээр үнэн байя гэж хүсвэл зургаан сар, магадгүй нэг жил ажиллаад өөрийн тань сая хэлсэн үгэн дээр факт нь өөр байвал чи эр хүн шиг өөр юм билээ гэдгийг хэлээрэй.

Олон олон асуудал өөр байдаг юм. Энэ танхимд авлигын эсрэг шүүх байгуулах асуудал яригдаж байх яг тэр үед сэтгүүлчийг хорих үйл ажиллагаа давхцаж байсан. Н.Алтанхуяг гишүүн мэднэ дээ. Зөвлөх хоригдож байгааг Ерөнхий сайд мэдэхгүй байх тохиолдол байдаг юм. Үүнийг чи энд орж ирээд ойлгоно.

Хууль хяналтын байгууллага, шүүх дээр асуудлыг гаргаад тавимагц нийгмийн анхаарлыг холдуулах гэж юу болдог вэ гэж.

Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд парламентад орж ирсэнд баяртай байгаа. 

Авлигын индекс бол төсөөллийн индекс. Асуудлыг гаргаж тавих тусам илүү өсдөг нь нийтлэг жишиг. Асуудлыг гаргаж тавихгүй байж болно. Гаргаж тавьсныг буруутгаад байвал бүгд чимээгүй л байж болно

Шүүмжлэлтэй зүйлийг би хүлээж авна. Нэг мэдэхэд 2-3 жилийн дараа парламентын гишүүний хувиар та өөрөө хариуцлага хүлээх тал руугаа явж эхэлнэ шүү" гэдэг хариулт өглөө.