УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалангийн Ерөнхий сайдад хандсан үгийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан “Та сэтгүүлч мэргэжилтэй Ерөнхий сайд. Монголын түүхэнд сэтгүүлч мэргэжилтэй хоёр Ерөнхий сайд тус бүр хоёр удаа ажиллаж байгаагийн нэг нь та болж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө алдагдаж, зарим тохиолдолд хэвлэл мэдээлэл хэрээс хэтэрч даварч байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллахад бэлэн шүү. Энэ парламентад сэтгүүлч мэргэжилтэй таван хүн сонгогдсон юм байна.
Хэвлэлээр явж байгаа мэдээллээр Хүний нөөцийн яам байгуулах гэж байгаа юм байна. Монгол Улс тэр чигээрээ хүний нөөцийн доройтолд орсон. Хэрэв ийм яам байгуулах гэж байгаа бол дэмжинэ.
Таны авлигатай тэмцэх тэмцэлд талархдаг. Зарим зүйлд нь шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Монгол Улс олон намын тогтолцоотой. Олон нам нь дотроо олон фракцын тогтолцоотой. Фракцууд нь дотроо олон олон эрх ашигтай. Та хамтарсан Засгийн газар байгуулах сонголтоо хийхдээ намаа биш улсаа бодоорой. Фракцуудын эв нэгдлийг бус улсаа бодоорой. Найз нөхдөө бус улсаа бодоорой.
Бас нэг зүйл анхааруулахад, тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл энэ парламентад сонгогдсонгүй. Одоог хүртэл өрөөгүй байна. Засгийн газрын бүтцэд тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг оруулахыг бодоорой.
Хамтарч хулгай хийх Засгийн газар бүрдэх юм бол дуугүй сууж чадахгүй гэдгээ мэдэгдье” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!