Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

NBA: "Бостон Селтикс" 18 дахь аваргын цомоо авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг
Forbes

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны 78 дахь улирал "Бостон Селтикс" багийн ялалтаар өндөрлөлөө. 

Тэд аваргын төлөө Өрнөд бүсээс тодорсон "Даллас Маверикс"-ыг цувралын тав дахь тоглолтод 106:88-аар ялснаар "Ларри Ө'Брэйн"-ий цомыг 18 дахиа хүртсэн юм. Ингэснээр гол өрсөлдөгч "Лос Анжелес Лэйкерс"-ээс нэгээр илүү гарч, тус лигийн түүхэнд хамгийн олон түрүүлсэн баг боллоо.

Бостончууд хамгийн сүүлд 2008 онд түрүүлсэн билээ.

Цувралын тав дахь тоглолтын хувь заяаг Жэйсон Тэйтум шийдсэн. Тэрбээр сүүлийн тоглолтод 31 оноо, 8 самбар, 11 оновчтой дамжуулалт гүйцэтгэснээр багаа хожилд хөтөлсөн юм. Тиймээс шигшээ цувралын үнэ цэнтэй тоглогчоор тодрох магадлалтай гэж таамаглаж байсан ч багийн анд Жайлен Браун шилдгээр нэрлэгдлээ. 

Ж.Браун цувралын турш 20.8 оноо, 5.4 самбар, 5.0 оновчтой дамжуулалт дундажласан юм.

"Бостон Селтикс" энэ жилийн хасагдах шатанд 16 хожиж, гурав дийлдсэн үзүүлэлтээр 2017 оны аварга "Голден Стэйт Уорриорс"-ын ард бичигдэж байна. Стефен Көрри, Клэй Томпсон, Дрэймонд Гринээр ахлуулсан "Дайчид" тэр жил ганцхан хожигдол амсаж байв. 

Жэйсон Тэйтум Коби Брайантын рекордыг эвдэв

зураг
 
Twitter

"Бостон Селтикс"-ийн лидер Жэйсон Тэйтум цувралын тав дахь тоглолтын эхний хагаст 16 оноо авснаар өөрийн шүтээн болох Коби Брайантын 27 нас хүрэхээсээ өмнө хасагдах шатанд хамгийн олон оноо авсан рекордыг ахиулжээ. 

К.Брайант 119 тоглолтод оролцохдоо 2,694 оноо авсан бол Ж.Тэйтум 113 тоглолтод 2,696 оноог бичүүлсэн юм. Сонирхуулахад энэ жагсаалтын гуравдугаарт Леброн Жэймс 92 тоглолтод 2,578 оноо авснаар бичигддэг аж.

Түүнчлэн Ж.Тэйтум шигшээ цувралд багаа оноо, самбар, оновчтой дамжуулалтаар тэргүүлсэн лигийн түүхэнд зургаа дахь тоглогч болсон юм. 

 

Эх сурвалж: Yahoo.sports