Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЕВРО 2024: Кильен Мбаппе нүүрэндээ бэртэл авснаар дараагийн тоглолтод хамгаалалтын масктай гарна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 18
IKON.MN
Зураг зураг
ABC

Европын Аварга Шалгаруулах Тэмцээн (ЕАШТ)-ий хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр D болон E хэсгийн тоглолтууд боллоо. Тодруулбал D хэсгийн Франц, Австри тулсан бол Е хэсэгт Румын, Украинтай, Бельги, Словактай хүч үзлээ. 

РУМЫН 3:0 УКРАИН

зураг
 
Разван Марин

Багийн ахлагч Николае Станчу 29 дэх минутад гоолын салхийг хагалж, Италийн "Эмполи"-д зүтгэдэг Разван Марин, Бельгийн "Стандарт"-ад данстай Денис Дрэгуш нар тооны харьцааг холдуулснаар румынчууд 24 жилийн дараа ялалтын амтыг мэдрэв. ЕАШТ-д хийсэн сүүлийн 15 тоглолтод ялж үзээгүй (5 тэнцээ, 10 хожигдсон) даруухан амжилттай тэд 2000 онд англичуудыг 3:2-оор "гомдоосноос" хойш анх удаа гурван гоол оруулсан нь энэ юм.

Тус багийн хаалгач Флорин Нита 36 нас, 350 хоногтой талбайд гарснаар ЕАШТ-д оролцсон хамгийн ахмад румын тоглогч болжээ.

Багийн ахлагч Тарас Степаненког (34 настай) эс тооцвол харьцангуй залуу гарааны 11-ийг талбайд гаргасан украинчууд Ф.Нитагийн хаалгыг сэтэлж чадсангүй. Аргаа бараад сэлгээнээс Андрей Ярмоленкогоо гаргасан ч тус болоогүй юм. Ид үедээ Англи, Германы лигт данстай явсан А.Ярмоленко улсаа төлөөлөн дөрвөн Еврод тоглосон анхны тоглогчоор бүртгүүллээ.

СЛОВАК 1:0 Бельги

зураг
 
Иван Шранц

Тоглолтын гурав дахь минутад Бельгийн шигшээ багийн гол довтлогч Ромелу Лукаку Словакийн хаалгыг мялаах тун дөхсөн. Үүнээс нэг их удалгүй Словакийн довтолгоо амжилттай болж, энэ тоглолтын цор ганц гоолыг Иван Шранц орууллаа. Үлдсэн хугацаанд "Улаан чөтгөрүүд"-ийн Р.Лукаку хоёр ч гоол оруулсан ч VAR шалгасны дараа хүчингүйд тооцжээ. Эхний гоол дээр бельги довтлогч отонд байсан бол сүүлийнх дээр довтолгоо эхлэхдээ гар хүрснийг бичлэгээр баримтжуулсан тул үр дүнд өөрчлөлт орсонгүй.  

Франц 1:0 Австри

зураг
 

Сүүлийн 16 тоглолтод нэг л хожигдсон (12 хожиж, 3 тэнцсэн) австричууд чанга өрсөлдөгч гэдгээ нотолж, францчууд эн тэнцүүхэн үзлээ. Харамсалтай нь эхний үед Кильен Мбаппегийн төв рүү өгсөн дамжуулалтыг Английн "Лийдс"-т австри хамгаалагч Максимилиан Вёбер өөрийн хаалганд оруулснаар энэ тоглолтын эхний бөгөөд эцсийн цэгийг тавьсан юм.

Тоглолтын 90 дэх минутад Францын шигшээгийн ахлагч К.Мбаппе эсрэг багийн Кевин Дансотой мөргөлдсөний улмаас нүүрэндээ бэртсэн. Хэдийгээр дараагийн тоглолтыг өнжихөөр ноцтой биш ч гэлээ хамгаалалтын масктай талбайд гарах шаардлагатай болжээ.