Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоот, ерөнхий боловсролын 117 дугаар сургууль орчмын авто зам ус зайлуулах шугам, хаялгагүйн улмаас байнга ус тогтож, авто болон явган хүний замд эвдрэл ихээр үүсжээ. Иймд тухайн байршлуудад өрөмдлөг хийж усны хаялгын систем суурилуулахаар төлөвлөсөн байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Улаанбаатар хотын хатуу хучилттай 1,250 км орчим авто замын 216 км нь усны хаялгатай, үлдсэнд нь байхгүй. Тиймээс хамгийн их ус тогтдог байршлуудад эргэлттэй өрөмдлөг хийж усны хаялга суурилуулах шийдэл гаргаж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас ажлын даалгаврыг боловсруулж байна.
Нэгэнт шар усны үерийн эрсдэл бий болчихсон тул цаг алдалгүйгээр энэ долоо хоногийн амралтын өдрөөс эхлэн өрөмдөж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Ус зайлуулах худгийг мөн хийнэ. Усны хаялга, ус зайлуулах худаг хийчихвэл авто болон явган замын насжилт уртсаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад үүсэхгүй болно" гэв.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ч.Батсүмбэрэл "Өнгөрсөн хоёр жилд хур тунадас их орж, үерийн эрсдэл нэмэгдсэн.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150-200 айлд, энэ он гараад 76 айлд үерийн эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдлийг давтамжтайгаар хүргүүлсэн.
Заасан хугацаанд нүүгээгүй тохиолдолд тухайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд албадан нүүлгэхээс өөр аргагүй" болсныг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!